“Саарал жагсаалт” Монгол хүн бүрт хамаатай, гэтэл...
Сүүлийн өдрүүдэд Монгол Улс Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага ФАТФ-ын “саарал жагсаалт”-д багтах эрсдэл үүссэн талаар шуугих болсон. Гэвч энэ жагсаалтад орох эсэх нь мэргэжлийн зарим байгууллагынханд огт хамаагүй мэт байгаа нь тун эмгэнэлтэй. Тиймдээ ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Банкуудын хөрөнгөө нэмэгдүүлсэн эх үүсвэр “саарал жагсаалт”-д орох нэг шалтгаан болж байна” гэж ярьсан биз. Тодруулбал, ОУВС манай арилжааны банкуудад шалгалт хийж, нэр бүхий банкуудыг дүрмийн сангаа нэм гэсэн шаардлага тавьсан байдаг. Гэтэл тэдгээр нь 700 тэрбумаар нэмэгдүүлчихсэн байгаа юм. Мэдээж тухайн байгууллага “энэ дүрмийн сангаа нэмсэн эх үүсвэрээ тайлбарла” гэтэл 200 тэрбум төгрөг нь асуудалгүй. Үлдсэн 500 тэрбум төгрөгийн эх үүсвэрээ хэрхэн “олсон” нь тодорхойгүй байсаар өнөөг хүргэжээ. Ингэж л “саарал жагсаалт” руу алхам алхамаар ойртсон байдаг. Гэтэл үүнийг голлон зангидаж байх үүрэг бүхий Монголбанк ажиглаж байна хэмээн, СЗХ нь бүр ажлаа хийх хүнгүй шахам болчихоод байгаа.
Өнгөрөгч долоо хоногт л гэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар ФАТФ-ын “саарал жагсаалт”-д Монгол Улс багтах эрсдэл үүссэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагын удирдлагуудтай уулзаж, үүрэг даалгавар өгсөн. Тэр үед мөн л Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар байхгүй. Ажлын албаны дарга нь л байсан. УИХ-ын дарга “саарал жагсаалт”-д орох бодит эрсдэл үүсчихээд байхад үйл ажиллагааныхаа тайланг муу хамгаалсан, хариуцсан ажлынхаа чиглэлээр үр дүн гаргаж чадаагүй Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн алба, бусад холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох нь зүйтэй гэдгээ ч хэлж байсан.
Гэтэл өчигдөр мөн л УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар “саарал жагсаалт”-ын асуудлаар хэлэлцэх гэтэл Санхүүгийн Зохицуулах Хорооны дарга С.Даваасүрэн, дэд дарга нарынхаа хамт эзгүй байв. Хуралд оролцож буй тус байгуулллагын ажилтны тайлбараар бол өвчтэй учраас ажилдаа ирэхгүй байгаа гэнэ.
Тиймээс УИХ-ын гишүүн, Аюулгүй байдлын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “Дарга нь эзгүй, дэд дарга нь өвчтэй гэх юм. Танай ажил яаж явдаг юм бэ. Дарга нар нь бүгд өвчтэй бол байгууллагын ажил яаж явдаг байнаа? Ажлын хэсгийн хурлуудад холбогдох байгууллагынхан даргаасаа эхлээд бүгд идэвхтэйгээр оролцоод ажиллаж байна. Гэтэл танай дарга нар алга. Ийм байхад УИХ-ын даргын зүгээс шаардлага тавьж, хариуцлагын асуудал хөндөж байгаа нь зөв. Монгол Улс ФАТФ-ын “саарал жагсаалт”-д орох гээд байна. Танай Санхүүгийн зохицуулах хороо хүлээсэн үүргээ дутуу биелүүлээд ажиллаж чадахгүй байна. УИХ-аас шаардлгатай хууль, тогтоомждоо шаардагдсан хугацаанд өөрчлөлт оруулаад явж байна. Гэтэл хариуцсан ажлаа хийхгүй, тавьсан шаардлагуудыг нь биелүүлэхгүй байсаар өнөөдөр “саарал жагсаалт”-д орох эрсдэл үүсчихээд байна” хэмээн бухимдаж байлаа.
Хэрвээ энэхүү “саарал жагсаалт”-д орчихвол үүсэх нөхцөл байдал нь энгийн иргэдийн амьдралд ч нөлөөлнө гэдгийг дээр доргүй ярьж байгаа. Харамсалтай нь шийдвэрлэх нөхцөл байдал үүсчихсэн энэ үед ч Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар санаа амар эзгүй байгааг хэрхэн тайлбарлах бол. Хэрвээ Монгол Улс “саарал жагсаалт”-д орвол олон улсын байгууллагууд мнай улстай хамтран ажиллахаас татгалзах, гадаадын харилцагч банкууд харилцаагаа таслах, гадаадын хөрөнгө оруулалт багасаж, гадаад худалдааны хэмжээ буурах, иргэд гадаадад картаар гүйлгээ хийх боломжгүй болж, гадаад гүйлгээний шилжүүлэг хийхэд хүндрэл үүсэх, улмаар улс орны эдийн засаг агших, ард түмний амьдрал доройтох зэрэг эрсдэл үүсэх учраас ёстой л дээр, доргүй ажиллах шаардлагатай байна хэмээн улстөрч, албан тушаалтнууд, эдийн засагчид хэлж байгаа шүү дээ.
Эх сурвалж: erennews.mn
|