Деклан Магий: Хөрөнгө оруулалтыг оновчтой болгож, үнэхээр иргэдэд наалдахуйц хөтөлбөрүүдэд чиглүүлэх шаардлагатай
Азийн хөгжлийн банкнаас Монгол Улс болон Азийн хөгжлийн төлөвийн шинэчилсэн тайлангаа өнөөдөр танилцууллаа.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2019 болон 2020 онд өмнөх оноос яльгүй саарах ч тогтвортой хөгжлийг цогцлоох замд орсноор эдийн засгийн өсөлт ч тогтвортой түвшинд хадгалагдана хэмээн тус банк үзэж байна.
Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2018 оны 7.2 хувиас бага зэрэг буурч 2019 онд 6.7 хувь, 2020 онд 6.1 хувь болно гэж таамаглажээ. Азийн хөгжлийн банкнаас өнгөрсөн дөрөвдүгээр сард танилцуулж байсан Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн дээрх таамаг өөрчлөгдөөгүй хэмээн дурдав.
Инфляци зургаадугаар сарын дунджаар 8.1 хувь байсан бол өсөн нэмэгдэж буй дотоод эрэлт, хүнсний бүтээгдэхүүний өндөр үнэтэй холбоотойгоор 2019 онд 8.5 хувь байхаар байна. Харин 2020 оноос эдгээр бараа бүтээгдэхүүний үнэ тогтвортой байх тул инфляци 7.5 хувь болж буурах гэнэ.
АХБ-ны Суурин төлөөлөгчийн орлогч ба Ахлах эдийн засагч Деклан Магий "Бизнесийн салбарыг дэмжих. Санхүүгийн салбарын эрүүл саруул байдалд маш их анхаарах хэрэгтэй.
Саарал жагсаалтыг эрсдэл гэж үзэхээс биш Монгол Улс саарал жагсаалтад багтлаа гэсэн шийдвэр гараагүй. Бодлого тодорхойлогч нарын хувьд ОУВС-гаас тавьж байгаа шаардлагаас үл хамааран урт хугацааны бодлогоо тууштайгаар хэрэгжүүлэх хэрэгтэй.
Сонгуулийн жилүүдэд эдийн засагт тодорхой бус байдлууд нэмэгддэг. Энэ нь аль ч улсын хувьд нийтлэг ажиглагддаг асуудал. Гэхдээ тодорхой эрсдэлүүд дагалдаж таарна. Одоо хэрэгжиж байгаа сайн, сайхан бодлогууд сонгуулийн дараа үргэлжлүүлэн хэрэгжих үү гэсэн таамагт санаа зовж байна. Зарим талаар шинэ парламенттай болсноор шинэ бодлогууд, шинэ боломжууд нээгдэх боломжтой.
Харин ирэх жилд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд нөлөөлж болох эрсдлүүд гэвэл БНХАУ-ийн өсөлт огцом удаашрах, ОУВС-ийн хөтөлбөр амжилттай хэрэгжихгүй зогсох, эсвэл банкны дахин хөрөнгөжүүлэх үйл явц зогсох, Оюутолгойн гүний уурхайн ажил хойшлогдох болсон тухайгаа зарласны дараагаар гадаадын шууд хөрөнгө оруулалтад томоохон өөрчлөлтүүд гарах , Дэлхийн худалдааны маргаанаас болж түүхий эдийн үнэ хэлбэлзэх магадлалтай байна. Тиймээс бодлого тодорхойлогчдын хувьд
- Макро эдийн засгийн маш бат бөх, сайн менежмент
- Улсын хөрөнгө оруулалт оновчтой, үнэхээр иргэдэд наалдахуйц байх төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө оруулалтыг чиглүүлэх шаардлагатай байна" гэв.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|