Монголын зээлжих зэрэглэл хэвээр үлдсэн ч…
Зээлжих зэрэглэл гэж юу вэ?
Олон улсын санхүүгийн “Фитч” мэдээлэл, судалгааны агентлаг наадмын өмнө манай улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “В”, төлвийг “Тогтвортой хэвээр”, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээсэн байна. Дэлхийн 30 гаруй улсад салбартай энэ агентлагаас манай улсын зээлжих зэрэглэлийг өнгөрсөн “В-”-аас “В” болгон нэмэгдүүлж, тогтвортой хэмээн зарласан байдаг.
Зээл эргэн төлөлтийн чадамж, найдвартай байдлыг харгалзан зээлжих зэрэглэлийг тогтоодог аж. Зэрэглэл сайтай улс болон компанид хөрөнгө оруулалт их хийх, зээлийн хүү бага тогтох давуу талыг олгодог. Эсрэгээрээ бага зэрэглэлтэй улсын хувьд зээлийн хүү өндөр тогтож тухайн оронд хөрөнгө оруулагчид итгэх итгэл ч тэр хэрээр доогуур байдаг. Одоогоор дэлхийд Standard and Poor’s, Fitch, Moodys гэсэн зэрэглэл тогтоогч гурван байгууллага нийт зах зээлийн 95 хувьд үйл ажиллагаагаа явуулж байна.
“Зээлжих зэрэглэлийг улс орон, байгууллага эсвэл тэдгээрийн гаргаж буй бонд, өрийн бичигт тус тусад нь засаглал, эдийн засаг, төсөв санхүүгийн үзүүлэлтүүдийг нь нэгтгэн тогтоодог. Улсын зэрэглэл өндөр байх нь маш чухал. Учир нь тухайн улсын компани, санхүүгийн байгууллага, банк даатгал хэчнээн сайн үзүүлэлттэй байлаа ч улсынхаа зэрэглэлээс өндөр тогтоогдох боломжгүй байдаг учраас эдийн засгийн байдалд шууд нөлөөлдөг” хэмээн Монголын банкны холбооны цахим хуудаст дурдсан байв.
Одоогоор “Фитч” агентлагаас тогтоосон хамгийн өндөр зээлжих зэрэглэлтэй улс нь АНУ, Герман улс бөгөөд “ААА” зэрэглэлтэй байна. Харин Их Британи, Франц улс “АА” зэрэглэлтэй бол Япон “А”, Испани “А-”, Итали “ВВВ” зэрэглэлтэй байгаа юм.
Монголын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн шалтгаан
“Фитч” агентлагаас Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “B” хэвээр үлдээхэд нөлөөлсөн шалтгаануудыг Монголбанк цахим хуудастаа мэдээлсэн байлаа. Эдгээрт нэгдүгээрт, эдийн засгийн өсөлтийн тогтвортой төлөв, төсвийн болон засаглалын үзүүлэлтүүд сайжирч буй нь Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээнд эерэгээр нөлөөлжээ. Гэвч Монгол Улс эдийн засгийн хязгаарлагдмал суурьтай, гадаад нөөцийн хамгаалалт хангалтгүй, улс төрийн тогтворгүй байдал нь эдийн засгийн бодлогод огцом өөрчлөлт оруулах нөхцөл байдлыг үүсгэх, эдийн засагт шок учрах магадлалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул зээлжих зэрэглэлийн үнэлгээг дээшлүүлэхэд хязгаарлалт болсон байна.
Хоёрдугаарт, төсвийн ашиг өнгөрсөн онд ДНБ-ий 2.6 хувьд хүрч, батлагдсан төсөв болон “Фитч” агентлагийн төсөөлсөн дүнгээс давжээ. 2020 оны УИХ-ын сонгуулийг урьтаж төсвийн зарлага огцом өсөөд байгаа. Өнөөгийн төсвийн сайн гүйцэтгэл ирэх онд үргэлжлэх эсэх нь тодорхойгүй байна. Тус агентлагийн үзэж байгаагаар Монгол Улсын төсвийн алдагдал 2020 онд дөрвөн хувьд хүрэхээр байна. Иймд тус агентлагийн суурь төсөөлөлд улс төрийн циклээс шалтгаалсан эрсдэлүүд ихээхэн нөлөө үзүүлэх хүлээлттэй байна. Гурав дахь үндсэн шалтгаан нь төсвийн гүйцэтгэл сайжирч, эдийн засгийн сэргэлт үргэлжилснээр Засгийн газрын нийт өр огцом буураад байна. Тус агентлагийн суурь төсөөллөөр энэ оны эцэст Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцаа 60 хувьд хүрч буурах, Монгол Улсын өр 2020 оноос эхлэн алгуур буурах хандлагатай байна.
Түүнчлэн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний талаарх эргэлзээ улс төрийн маргааны сэдэв болоод байна. Засгийн газар, Рио Тинто хоёрын хоорондох татвар, хугацааны хоцрогдол, хөрөнгө оруулалтын гэрээний бусад заалтын хүрээн дэх бэрхшээлтэй харилцаа нь 2020 оны УИХ-ын сонгуулийн өмнө улс төрийн шок бий болгох магадлалыг нэмэгдүүлж байна. Мөн банкны салбарын активын чанар сул хэвээр буюу салбарын чанаргүй зээлийн харьцаа энэ оны тавдугаар сарын эцсийн байдлаар 11 хувьтай байгаа. Зарим банкны удаан хугацаанд бүртгэгдэж ирсэн зээлүүдийн чанар муудсаар байна.
Монголын зээлжих зэрэглэл буурахад нөлөөлөх зүйлс
Өөрөөр хэлбэл, олон улсын “Фитч” агентлаг Монголын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээсэн ч түүний цаана цаашид энэ зэрэглэл хасах, нэмэх тэмдгийн алинаар солигдох тухай асуултын тэмдгээ үлдээлээ. Учир нь зээлжих зэрэглэлээ сайжруулахад, Засгийн газрын өр, ДНБ-ий харьцааны бууралттай уялдаатайгаар төсвийн алдагдлын хэмжээ буурах, найдвартай, уялдаатай макро эдийн засгийн бодлогуудыг тогтвортой хэрэгжүүлэх, эдийн засгийн тогтвортой өсөлт болон ГШХО-ын орох урсгалыг дэмжсэн бизнесийн орчныг хадгалах зэрэг нөлөөлөх юм. Эсрэгээрээ зэрэглэл буурахад гадаадын шууд хөрөнгө оруулалтын орох урсгал болон уул уурхайн төслүүдийг тасалдуулах эрсдэл бүхий улс төрийн тогтворгүй байдал үүсэх, Засгийн газрын өр ба ДНБ-ий харьцааг буцаан өсгөх төсвийн бодлого баримтлах нь ихээхэн үр дагавартай аж.
Туркийн зээлжих зэрэглэлийг бууруулав
Монголын зээлжих зэрэглэлийг “Фитч” агентлаг энэ сарын 4-нд хэвээр үлдээх шийдвэрээ танилцуулсан бол энэ сарын 12-нд Турк улсын урт хугацааны зэрэглэлийг “ВВ”-гээс “ВВ-” болгон бууруулсан байна. Зээлжих зэрэглэл буурахад нөлөөлсөн гол зүйл нь Төвбанкны ерөнхийлөгч Мурат Сетинкаяаг ажлаас нь чөлөөлсөн нь тус улсад эдийн засгийн өсөлт болон тогтвортой байдалд эргэлзээ үүсгэжээ. Түүнчлэн энэ нь зах зээлийн бие даасан байдал, эдийн засгийн уялдаа холбооны доройтлыг бий болгожээ.
Өнгөрсөн сард болсон хотын даргын сонгуультай давхцаад энэ оны нэгдүгээр улиралд тус улсад эдийн засгаа сэргээх хөтөлбөр хэрэгжсэн. Гэсэн хэдий ч энэ сарын 6-нд Төвбанкны ерөнхийлөгчийг ажлаас нь чөлөөлсөн Ерөнхийлөгчийн шийдвэр нь долларжсан, санхүүгийн асар их “өлсгөлөн”-тэйгөө тэмцэж ядан байгаа дотоод итгэл үнэмшлийг хэдийнэ эрсдэлд оруулах аюул дагуулсан билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин