“ЭЗЭН-100”-ийн “эзэн” Б.Гарамгайбаатар эцэст нь хариуцлага хүлээх үү
-Эдийн засгийг эрчимжүүлэх 23 саналыг эргэн сануулъя-
Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газраас боловсруулсан ч хагас жилийн нүүр үзэж байж УИХ-д өргөн барьсан. Засгийн газраас эдийн засгийг эрчимжүүлэхээр авч хэрэгжүүлэхээр УИХ-д өргөн барьсан тогтоолын төсөлд 23 саналыг өргөн барьсан юм. Тэдгээрийн дийлэнх нь хууль, эрх зүйн орчинд өөрчлөх оруулах асуудалтай холбоотой байлаа. Олон нийтэд төрүүлсэн ойлголт хийгээд эрх баригчдын амлаж байснаар “Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх” 23 санал бүхий уг тогтоол батлагдсанаас хойш 100 хоногийн дотор илтэд ажиглагдах өөрчлөлтүүд гарах учиртай байв. Одоогоор 20 гаруй хоног үлдээд байгаа учраас “ЭЗЭН-100” хөтөлбөр хэрэгжихгүй нь тодорхой боллоо хэмээн санаагаар унах хэсэг ажиглагдах болсон ч магадгүй дийлэнх нь ер нь ямар төлөвлөгөө байлаа гэдгийг мартчихсан ч байж болох юм. Тиймээс эдүгээ дахин сануулах нь зүйтэй болов уу.
Уг тогтоолын эхэнд Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлагдсантай уялдан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдох хуулийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх асуудал байсан. Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан. Үүний дараахан дэлхийн нэр нөлөө бүхий хэвлэлүүдэд “Монгол Улс хөрөнгө оруулагчдад хаалгаа цэлийтэл нээж өгсөн” талаарх таатай мэдээг дуулгацгаав. Мөн үүний үр дүнд “2014 оны эхний хагасын байдлаар улсын төсөвт ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөр гэж 17.5 тэрбум төгрөгийн орлого оржээ. Энэ нь 2014 оны төлөвлөгөөт дүнгийн 69 хувьтай тэнцэх үзүүлэлт боллоо. Уул уурхайн компаниуд нөхөн төлбөр болгож нэг тэрбум орчим төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ” Уул уурхайн яамнаас “тунхаглаж” байна. Гэвч арайхийн хязгаарласан тусгай зөвшөөрөл олголтыг огцом тэлж, зөвхөн өнгөрсөн зургадугаар сарын байдлаар 2806 тусгай зөвшөөрөл олгоод байгаа нь ухралт уу, ахиц уу. Аль эсвэл арга ядсан “тактик” уу гэдгийг цаг хугацаа л харуулах биз ээ.
Харин “Ашигт малтмал, тансаг хэрэглээнээс бусад салбарт ажиллаж байгаа аж ахуйн нэгжид татварын таатай нөхцөл бүрдүүлж, ажиллах” гэсэн удаахь заалтын хувьд татвар төлөгчид сэтгэл дундуур байна. Тухайлбал барилгын материал үйлдвэрлэгчид л гэхэд дээрх заалт болон “Үндэсний үйлдвэр, дотоодын аж ахуйн нэгжийн тогтвортой үйл ажиллагааг санхүүгийн , бодлогын болон зохицуулалтын арга хэрэгслүүдээр дэмжинэ” гэсэн хэсэгт ихээхэн итгэж байв. Гэтэл барилгын ид ажлын үеэр барилгын материалын үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл олгохдоо хятад эзэнтэй хоёр ч үйлдвэрийг шинээр нэмсэн, тоног төхөөрөмж оруулж ирэхэд гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх, хөнгөлөх байх гэсэн горьдлого нь талаар болсонд сэтгэл дундуур байгаа аж.
Уг нь барилгын ид ажлын үеэр дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжсэн, олон хүнийг ажлын байртай байлгах боломжтой энэ том салбарыг дэмжсэн бол эдийн засагт эерэг үр дүн үзүүлэх нг гарц нь яах аргагүй мөн байв.
Цаашилбал УИХ-ын тогтоолд “Төрийн өмчийн тогтолцоог шинэчилж, засаглал, удирдлага, хараат бус үйл ажиллагааг бизнесийн зарчимд бүрэн нийцүүлэх, энэ хүрээнд “Монголын Баялаг” Холдинг компанийг байгуулах, Засгийн газраас төрийн өмчит компанитай зөвхөн татвар ногдуулах, ногдол ашиг хуваарилах сувгаар харилцдаг байх тогтолцоог бүрдүүлэх” хэмээн даруухнаар тусгасан заалт бий. Үүний дараахан дээрх тогтоолтой уялдуулан төрийн өмчийг ямар арга, хэлбэрээр хувьчлахаа төлөвлөсөн “хөзрөө дэлгэв”.
Түүнчлэн “Дунд хэмжээний компаниудын бизнес эрхлэх орчинг сайжруулж, тэдгээрт зээлийн болон зээлийн даатгалын дэмжлэг үзүүлэх”, “Томоохон компаниудын тогтвортой үйл ажиллагааг хангах, тэдгээрийг гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд оролцоход нь дэмжлэг үзүүлэх” гэсэн заалтуудыг анхааралтай ажиглаваас өнөөдрийн даруухан шийдвэрүүд хожмын өдөр ямар үр дүнд дагуулах бол гэдэг цаанаа л эргэлзээтэй, ээдрээтэй харагдана. Тэгээд ч “Жижиг, дунд үйлдвэр” гэх нэр томьёон дор сүүлийн 10 гаруй жилд мөнгө зувчуулсан, төрөөр тэтгүүлсэн компаниуд өнөөдөр “дунд”, “том” гэх ангилалд орсон уу. Эсвэл “том компани” гэж мөнөөх л хуучны “бяртай” компаниудаа улам зузаатгах төлөвлөгөө юу гэдгийг тайлбарлаад өгөх субъект олдохгүй байгаа юм. Гэсэн ч УИХ-ын баталсан тогтоол учраас хэрэгжиж таарна. Хэрэгжүүлсэн байдалд нь хэн хяналт тавих вэ гэдэг нь мөнөөх л Төрийн тэргүүний санаачилсан Хариуцлагын тухай хуулиас бултахгүй гэх баталгаагүй аж.
УИХ-аас баталсан Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд “Хөрөнгө оруулалтын сангууд болон урт хугацааны даатгалын бүтээгдэхүүний үр дүнд бий болсон хөрөнгийн эх үүсвэрийг эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэхэд ашиглах, эдгээр сангууд болон банк бус санхүүгийн байгууллага, санхүүгийн корпорацийн бизнесийн санхүүжилтийн үйл ажиллагааг Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс бодлогоор дэмжих” гэсэн хэсэг бий. Энэ талаарх цоо шинэ төлөвлөгөөг олон нийтэд дэлгээгүй байна. Магадгүй Төрийн тэргүүн энэ талаар нэлээд санаа тавьж эрдэмтэд, судлаачдын санаа бодлыг сонсож зарим төсөл, төлөвлөгөөг “захиалж” эхэлсэн гэдэг нь ортой байж болох юм.
“Хөгжлийн банкны үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлж, бие даасан байдлыг нэмэгдүүлэх, Хөгжлийн банкнаас хийж байгаа хөрөнгө оруулалтыг зохистой болгох чиглэлээр Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэсэн хэсгийн тухайд ерөөсөө Хөгжлийн банкны бүтэц, бүрэлдэхүүн, эрх зүйн орчныг өөрчлөх нь гэх таамаглал биелэлээ олж эхэлсэн. Одоо зөвхөн Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулах гэх хэсэг “түүхий” үлдээд байна. Гэхдээ энэ нь амлалт авсан 100 хоногт амжихгүй нь тодорхой.
Дараагийн асуудал нь төгрөгийн ханштай холбоотой байв. УИХ-ын тогтоолын төсөлд “Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшид огцом хэлбэлзэл үүсч, валютын захад цочрол бий болсон үед түүний нөлөөллийг саармагжуулах арга хэмжээг цаг тухайд нь авч байх, санхүү, эдийн засгийн болзошгүй хямралын эрсдэлээс сэргийлэх зорилгоор гадаад валютын урсгалыг сайжруулах”, мөн “Валютын ханшийн эрсдэлийг бууруулах санхүүгийн үүсмэл хэрэгслүүдийн хэрэглээг бүх чиглэлд идэвхжүүлэх” гэсэн холбогдох заалтуудыг тусгасан нь бий. Харин өнөөдрийн байдлаар Монголбанкны гадаад валютын нөөц 1604.5 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 52.6 хувиар буурчихаад байна. Энэ нь ам.долларын ханш чангарах нэг шалтгаан болж буй билээ. Түгших хангалттай шалтгаан биш гэж үү. Өнгөрсөн долоо хоногт зөвхөн нэг өдрийн арилжаагаар л гэхэд Монголбанк 15 сая ам.долларыг 1841.22 төгрөгийн хаалтын ханштайгаар худалдав. Ийм их хэмжээний долларыг арилжиж буй төв банкны ханшаас харахад ам.долларын ханшийг тогтоож, бууруулж чадна гэдэгт хэн итгэх билээ.
Улсын өрийн хэмжээг зохистой түвшинд байлгах, гадаадын өр, зээлийг тооцох аргачлалыг боловсронгуй болгох, эдийн засгийг эрчимжүүлэх чиглэлээр Засгийн газрын баталгаа олгохтой холбогдуулан холбогдох хуулийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх асуудлыг тогтоолд тусгасан.
Таван толгойн ордын олборлолт, борлуулалтын үйл ажиллагаанд стратегийн хөрөнгө оруулагч гадаадын компаниудын оролцоог хангах, нүүрсний нийлүүлэлтийн урт хугацааны гэрээ байгуулах замаар эрчимжүүлж, борлуулалтын орлогын тодорхой хэсгээр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, уурхайн дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулах санхүүжилт, даатгалын механизм бүрдүүлэх гэх заалтуудын тухайд ээлжит бус чуулганаар шийдэж амжих эсэх нь эргэлзээтэй ч эрх баригчдын зүгээс ихээхэн найдлага тавьж буй бололтой юм.
Хөрш хоёр оронтойгоо эдийн засгийн хамтын ажиллагаагаа шинэ түвшинд хүргэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор таван шугам буюу ОХУ, БНХАУ-ыг холбосон төмөр зам, авто зам, нефть, байгалийн хий, эрчим хүчний дэд бүтцийн урсгал бий болгох ажлыг эрчимжүүлэхээр 23 саналын нэгд тусгасан нь айсуй айлчлалуудын үеэр шийдэгдэх боломжтой. Гэвч дэндүү томдсон хөршүүд маань манай эдийн засгийг өөд татах уу, эсвл өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэхийг хичээх үү гэдэг бараг тодорхой юм.
Гадаад, дотоодын аялал жуулчлалыг хөхиүлэн дэмжих, аялал жуулчлалын улирлын хамаарлыг бууруулж, тус салбарын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор бусад улсуудын чөлөөт бүс, амралт зугаалгын төвүүдийн зарим үйлчилгээг хязгаарлагдмал хүрээнд нэвтрүүлэх чиглэлээр хууль, эрх зүйн орчин бүрдүүлэх гэсэн санал гэсэн хэсэгт ССАЖЯ гол үүрэгтэй. “Сезон” нь дуусах дөхөж байгаа ч одоогоор ахицтай амжилт харагдахгүй л байна.
Экспортын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор худалдан авагчийн төмөр замтай шууд холбогдох асуудал болон дамжин өнгөрөх тээвэр, логистикийн хөгжлийн талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулж, УИХ-д мэдүүлэх төлөвлөгөө хаврын чуулганаар хэр амжилттай явж байгаад хэрхэн “нурсан”-ыг нийтээрээ харсан. Энэ саналын цаана “нуусан” хэт улайрлыг анзаарч сэрэмжлэн гацаасан нь эдийн засгийг эрчимжүүлэх том төлөвлөгөөнд нь саад болсон ч үүнээс хавьгүй чухал эрх ашигт эерэгээр шийдэгдсэн ч байж болох юм.
Мөн төрийн өмчит томоохон аж ахуйн нэгжийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд 2014-2016 онд хувьчлах хөтөлбөр боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх гэсэн “но”-той төлөвлөгөө хамгийн саадгүй биелсэн. Гэвч “эрчим хүчний нэмэлт эх үүсвэрүүдийг шинээр барьж байгуулах асуудлыг шийдвэрлэх” гэсэн өмнөх саналтайгаа хэрхэн уялдсан бол гэдэг мөн л эргэлзээтэй. Учир нь хувьчлах объектуудын дунд эрчим хүчний “хууччуул” бараг бүгд багтсан. Өнөөдрийг хүртэл “гал алдуулалгүй” авч явсан тус компаниудыг заавал хувьчлах шаардлага байсан уу гэдгийг эргэн харахад илүүдэхгүй.
Төсвийн орлогыг бүрдүүлэх, хууль тогтоомжийн биелэлтийг хангах нэрийн доор хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хэт дарамт учруулсан, давхацсан хяналт шалгалтыг хийхгүй байх, хяналт шалгалтыг зөвхөн эрсдэлд суурилсан зарчим, тухайн салбарын чиглэлийн хүрээнд хийх гэсэн заалт нь төрийн хүнд суртлыг арилгахад чиглэсэн байж болох ч “Хяналтыг сулруулж яах гээд байна” гэсэн хардлагыг зүй ёсоор дагуулсан.
Харин хөгжингүй орны иргэд болон гадаадын хөрөнгө оруулагчдад бизнесийн зориулалттай болон олон удаагийн визний дэглэмийг тааламжтай, урт хугацаатай болгох гэх заалт нэлээд урагштай яваа гэдгийг ойрын үед болсон уулзалт, хэлэлцээрүүдийн үр дүнгээс харж байна. Эцэст нь сануулахад энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарт даалгасан. Тэрбээр уг ажлын хэсгийг ахалж, УИХ-ын тогтоолыг боловсруулсан төдийгүй дээр дурдсан 23 саналын дийлэнхтэй нь ажил төрлийн төдийгүй ашиг сонирхлын холбоотойгоор гүн гүнзгий оролцоотой байгаагийн хувьд “ЭЗЭН-100” хөтөлбөрийг дүгнэхэд хариуцлага хүлээх ёстой.