ФОТО: 2018 оны ТОП 100 ААН-ийг ШАЛГАРУУЛЛАА
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөл гардуулах үйл ажиллагаа 18 дахь жилдээ Төрийн ордонд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэхүү ёслолд оролцож, улс орон, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түүчээ болж, салбар бүртээ манлайлж байгаа нийт татвар төлөгч, баялаг бүтээгч, ТОП аж ахуйн нэгжийн төлөөлөл бизнес эрхлэгчдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлэв.
Тэрбээр хэлэхдээ, “Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагааны хөтөлбөрт болон Эдийн засгийг сэргээх хөтөлбөрт тусгагдсан макро эдийн засгийн зорилтууд, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах зорилтыг бизнес эрхлэгчид та бүхэнтэйгээ хамтран амжилттай хэрэгжүүлж ирлээ. Манай орны зээлжих зэрэглэл сайжирч, 2018 оны эхэнд В3 зэрэглэлд хүрснээр арилжааны банкууд, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн зээлжих зэрэглэл сайжрах нэн таатай суурь нөхцөлийг бүрдүүлж өгснийг онцлон тэмдэглэе. 2018 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 8,6 хувьд хүрч, сүүлийн 5 жилийн дээд түвшинд хүрлээ. Засгийн газрын тэргүүний хувиар Монгол Улсын нийгэм, эдийн засагт ТОП-100 аж ахуйн нэгжийн оруулж байгаа хувь нэмэр жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг зориуд цохон тэмдэглэж, Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна” гэв.
Арга хэмжээг нээн МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ, Монгол Улсын эдийн засгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулж, 2018 оны ТОП ААН-ийн жагсаалтад эрэмбэлэгдсэн нийт ААН, тэдгээрийн удирдлага, баг хамт олон, бизнесийн салбарын манлайлагч Та бүхэндээ Танхимын зүгээс болон Танхимын нийт гишүүдийн өмнөөс баяр хүргэн талархал дэвшүүлж байна.
Жил жилийн эрэмбэд жагсдаг энэхүү ТОП 100 компани бол улсын татварын орлогын дийлэнхийг нуруундаа үүрдэг, Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч гэдгийг бид бүхэн мэдэх билээ.
Төр, засгаас эдийн засгийн хөгжлөө хурдасгая, төр хувийн хэвшлийн түншлэлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлье гэвэл эдгээр ТОП компаниудаа дэмжихээс өөр аргагүй юм. Эргээд том компаниуд нь жижиг, дунд үйлдвэрлэлээ дэмжээд, зах зээлээ хөгжүүлэх нь чухал. ТОП100 ААН татварынхаа суурийг бүрдүүлдэг бол жижиг дунд үйлдвэрлэгчид ажлын байраа хадгалж, нэмэгдүүлдэг байх ёстой.
Энэ жилийн жагсаалтыг харахад 2018 оны ТОП 100 ААН-ийн борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос 5 их наядаар өсч, 30 их наяд хүрсэн нь ДНБ-ий 96 хувийг эзэлж байна. Түүнчлэн төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 29 хувиар өсч, 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын татварын нийт орлогын 50 хувьтай тэнцэж байна.
ТОП 100 ААН-ийг салбараар нь дүгнэвэл уул уурхай, түүнийг дагасан бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа өссөн дүнтэй байгаа юм. Ирэх жилээс бид компаниудын нийгмийн хариуцлагын үзүүлэлтийг шинэчилсэн хэлбэрээр, илүү чухалчлан үзэх болно.
Эдийн засгийн хөгжлийг түүчээлж буй ААН-үүдэд улам бүр дэвшин дээдлэхийн ерөөл дэвшүүлэхийн хамт бизнесийн орчныг сайжруулахад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг үр дүнд хүргэх, бизнес эрхлэгчид нэгдэн, төр засагт дуу хоолойгоо хүчтэй хүргэхэд хүсэл зорилгоо нэгтгэн, МҮХАҮТ-тай нягт хамтран ажиллахыг уриалж байна” гэсэн юм.
ТОП100 аж ахуйг эрэмбэлэхдээ Сангийн яам, ТЕГ, ГЕГ, НДЕГ, ҮСГ, ОӨУБЕГ, СЗХ зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэн, ААН-ийн тухайн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн 5 үзүүлэлтийг чухалчилдаг.
Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn
|