“Mongolia gold-2019“ чуулган эхэллээ
"Mongolia gold-2019" алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулган өнөөдөр эхэллээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй энэхүү чуулганаар Монголын алтны салбарт дэвшилтэт техник, технологи, дэлхийн туршлагыг нэвтрүүлэх, алтны шороон ордын төслүүдэд санхүүжилт татах, санхүүгийн бусад боломжуудыг эрэлхийлэх, үндсэн ордын төслүүдэд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, алтны геологи хайгуул, судалгааг хөгжүүлж алтны нөөцийг нэмэгдүүлэх, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлуудыг хэлэлцэх юм.
Чуулганд Засгийн газрын төлөөлөл, алтны олборлолт, хайгуулын компаниуд, хөрөнгө оруулалтын корпорациуд, зөвлөх компаниуд болон ханган нийлүүлэгчид, банк, санхүүгийн байгууллагууд, мэргэжлийн холбоод оролцож байна. "Mongolia gold-2019" алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулганыг нээж Монголын алт үйлдвэрлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Т.Ганболд үг хэлэв. Тэрээр алтны салбар нь Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулж, валютын нөөцийг бүрдүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг бөгөөд өнгөрсөн 2018 онд уг салбараас 900 сая долларыг төвлөрүүлснийг онцолсон юм. Энэ бол алтны салбарын хувьд оргил жил болсон бөгөөд үүнд төр засгийн бодлого, татварын таатай орчин нөлөөлжээ. Алтны салбарын хөрөнгө оруулалт, технологийн чуулганд Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр, Монголбанкны Нөөцийн удирдлага, санхүүгийн зээлийн газрын дарга А.Энхжин нар оролцож үг хэлэв.