Эрчим хүчний салбарт инновацын эрин үе эхэлнэ

2019 оны 1 сарын 23

Худалдааны дайн дэлхийн эдийн засгийг хөлдөө чирэхээр байна

Холбоотой Зураг

Дэлхий нийтийн анхаарлын төвд үргэлж байсаар ирсэн давосын эдийн засгийн чуулган 49 дэх жилдээ үргэлжилж байна. Урьд өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилийнх харьцангуй нам гүм, онцгой зочдын хөлд дарагдсангүй. Дэлхийн тэргүүлэх эдийн засагтай орнуудын төр, засгийн эрхмүүд ч өнөө жилийн чуулганд морилон саатсангүй. Зарим нь эелдэг байдлаар татгалзсан хариу ирүүллээ. Хэдий тийм боловч манай гарагийн 3000 гаруй хувийн хэвшлийн захирал, нэр хүндтэй хүмүүс 2019 оны чуулганы уур амьсгалд шинэ өнгө төрх оруулж, эгэл даруу хандлага Швейцарын Давост ноёлж байна.

2018 оны чуулга уулзалтад АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд болон Энэтхэгийн Ерөнхий сайд оролцож байсан нь тэр хэрээр сүр бараа ихтэй байлаа. Харин энэ жилийнх баялаг бүтээгчдийн оролцоонд үндсэндээ тулгуурлаж байна. Ялангуяа, нийгмийн манлайлагчид давост хамгийн их иржээ.

Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өмнөх 3.7 хувийн таамгаа дахин бууруулж, 3.5 хувь болгосон, АНУ-ын Холбооны нөөцийн банк бодлогын хүүгээ өөрчилж магадгүй эгзэгтэй цаг үед давосын чуулган болж байна. Тэрчлэн дэлхийн улс орнуудын өрийн хэмжээ 244 их наяд ам.доллар буюу түүхэн дээд түвшиндээ хүрээд байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагуудын санааг чилээх болсон. Энэ нь дэлхийн эдийн засгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй дүйцэхүйц хэмжээний өр юм. Ази, Номхон далайн бүс нутаг төдийгүй дэлхийн эдийн засгийн өсөлтийн зүтгүүр гэгдэх БНХАУ-ын эдийн засаг өнгөрсөн онд 6.6 хувиар өсөж, сүүлийн 28 жилийн доод түвшинд ирсэн. ийм эмзэг, сөрөг мэдээлэл давамгайлсан агшинд дэлхийн эдийн засгийн маргаашийг хэлэлцэж буй.

Чуулганд оролцож буй эмэгтэйчүүдийн тоо тогтмол нэмэгдэж, энэ жил нийт зочдын 22 хувийг эмэгтэйчүүд эзлэх болсон нь өнгөрсөн оныхоос нэг хувиар өссөн үзүүлэлт. Хэлэлцэх сэдвийг байгаль орчны тулгамдсан асуудал урьдын жишгээр голлож байгаа. Дэлхийн түүхэн дэх хамгийн халуун 18 жилийн 17 нь 2001 оноос хойш тохиосон гэж үздэг. Тэгвэл хямд төсөр эрчим хүчний шинэ эх үүсвэрийн эрэлд хувийн хэвшлүүд эрэл хайгуул хийж эхэлсэн байна. Дэлхийн дулааралд бага нөлөө үзүүлэх эрчим хүчний төвлөрсөн бус үйлдвэрлэлд хувийн хэвшил ач холбогдол өгч, энэ чиглэлийн хөрөнгө оруулалт нэмэгдэх нь.

Уламжлалт малтмал түлшний олборлолт хумигдана

Ирээдүйд эрчим хүчний компаниуд үйлдвэрлэж байгаа эрчим хүчнийхээ чанар болон эх сурвалжид улам бүр анхаарч, инновац хийх хэрэгтэй болж байна. Тэрчлэн нар, салхины эрчим хүчний хэрэглээ илүү тэлэх нь дамжиггүй. Цаашид уламжлалт малтмал түлшнээс хамааралтай байдлаа багасгах төдийгүй тэдгээрээс бий болсон хор уршгийг бууруулах арга замыг энэ удаагийн Давосын чуулган хөндөхөөр байгаа юм. Уламжлалт малтмал түлш дотор манай улсын экспортын 40 хүртэлх хувийг эзэлж буй нүүрс багтаж байгаа.

Чуулганы хэлэлцэх хоёр дахь чухал сэдэв бол дэлхийн эдийн засгийн өсөлтийн удаашрал. АНУ, БНХАУ-ын хооронд жил дамнан үргэлжилж буй худалдааны дайн дэлхийн эдийн засгийн өсөлтөд муугаар нөлөөлөх болсон бөгөөд энэ дайн шийдвэртэй алхамд хүрч чадахгүй дээд цэгтээ тулах нь бизнес эрхлэгчдэд тулгарч буй хамгийн том аюул гэдгийг зарим шинжээч бичжээ. 350 орчим салбар хуралдаанаас бүрдэх Давосын чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилнэ.

дэлхийн эдийн засгийн хамгийн том сорилтын нэг орлогын тэгш бус байдлыг ч энэ удаа хөндөж буй.

• Тэргүүлэх эдийн засагтай орнуудын төр, засгийн эрхмүүд ч өнөө жилийн чуулганд морилон саатсангүй.

• Олон улсын валютын сан дэлхийн эдийн засгийн өмнөх 3.7 хувийн таамгаа дахин бууруулж, 3.5 хувь болгов.

• Дэлхийн хүн амын дээд давхаргын нэг хувь 1980 оноос хойш доод давхаргын 50 хувиасаа хоёр дахин их орлого олжээ.

Баян, ядуугийн ялгаа, зааг улам томорч байгаа учраас ийнхүү тэргүүн ээлжинд авч үзжээ. Дэлхийн хүн амын дээд давхаргын нэг хувь 1980 оноос хойш доод давхаргын 50 хувиасаа хоёр дахин их орлого олсныг ОУВС-гийн гүйцэтгэх захирал Кристин Лагард мэдэгдсэн юм. Орлого болон хүйсийн тэгш бус байдлыг шийдвэрлэх нь эдийн засагт үлэмж нөлөө үзүүлнэ гэж тэрбээр үзэж байна. 49 дэх дэлхийн эдийн засгийн чуулганы дараагийн сэдэв нь нийгмийн өөрчлөлт, түүний дотор дүрвэгсдийн асуудал болоод буй.

Дэлхий даяар дүрвэгсдийн тоо сүүлийн зургаан жил дараалан нэмэгдсэн байна. Хүчирхийлэл, хавчлагын улмаас бараг 70 орчим сая хүн орон гэрээ орхиод буй. Энэ нь Америкийн хүн амын тавны нэг, оросын хүн амын талтай тэнцэх бөгөөд Их Британийн хүн амаас илүү гарах тоо юм. Дүрвэгсдийн 85 хувь нь бага болон дундаж орлоготой улсын иргэд байгаа аж. Үүнийг бууруулах арга замыг давост дэлхийн нийгэм, эдийн засгийн бодлого тодорхойлогчид энэ өдрүүдэд хайж байна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599572
0 эможи

keyboard_arrow_up