Ирэх оны нэгдүгээр улиралд гүйлгээнд гарах шинэчилсэн хамгаалалттай 5,000 төгрөгийн дэвсгэрт
Монголбанк нь үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгт шинээр хэвлүүлэх, тээвэрлэх, хадгалах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг бий болгох үндсэн үүргээ хэрэгжүүлэхийн зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг багасгах, зогсоох тал дээр анхааран ажиллаж буй талаар мэдээлэв.
Манай улсад хуурамчаар үйлдэгдэж буй мөнгөн тэмдэгтүүд нь ихэвчлэн хамгийн өндөр дүнтэй 5,000, 10,000, 20,000-тын дэвсгэртүүд байдаг тул Монголбанк нэн түрүүнд эдгээр гурван дэвсгэрт дээрх нэгдүгээр түвшний хамгаалалт болох иргэд энгийн нүдээр шууд хараад төвөггүй таних боломжтой элементүүдийг сайжруулах зорилтыг тавьсан юм.
Тэгвэл энэхүү зорилтын хүрээнд эхний ээлжинд нөөцийг нь дахин бүрдүүлэх хугацаа нь болсон 5,000 төгрөгийн дэвсгэрт дээр ажиллаж, олон улсын хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр сүүлийн үеийн технологиор хийгдсэн элементийг уг дэвсгэртэд оруулан сайжруулж шинэчилсэн хувилбарыг гаргах арга хэмжээг авчээ.
Ийм төрлийн хамгаалалтын таних тэмдгийн гол шинж чанар нь хуурамчаар хийх бараг боломжгүй технологи буюу дуурайлган хийх тохиолдолд өндөр зардалтай байх аж.
Шинэ таних тэмдэгтэй болсон 5,000 төгрөгийн дэвсгэртийн хувьд нүүрэн талд байрлах Соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн гурван хэмжээст хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгсөнөөр иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болсон байна.
Ийнхүү шинэчлэгдсэн 5,000 төгрөгийн дэвсгэртийг бэлэн мөнгөний гүйлгээнд гаргахаар бэлтгэл ажлуудыг Монголбанк арилжааны банкуудын хамт хийсэн бөгөөд Монголбанкны Ерөнхийлөгчийн холбогдох тушаалын дагуу 2019 оны нэгдүгээр улиралд гүйлгээнд гаргахаар төлөвлөж байгаа юм.
Иймээс иргэд энэхүү шинэчлэгдсэн дэвсгэртийн талаарх мэдээллийг сайтар авах шаардлагатай ба иргэд мөнгөн тэмдэгтийн хамгаалалтын таних тэмдгүүдийг мэддэг байснаар төлбөр тооцоондоо хуурамч тэмдэгт авч хохирол амсах явдлаас зайлсхийх боломжтой юм.
Шинэчилсэн хувилбараар үйлдвэрлэгдсэн 5,000 төгрөгийн дэвсгэрт гүйлгээнд гарах гэж буйтай холбогдуулан өмнөх хэвлэлтийн 5,000 төгрөг буюу одоо гүйлгээнд явж буй дэвсгэрт гүйлгээнд хүчин төгөлдөр хэвээр зэрэгцэн хэрэглэгдэнэ.