Үнэт цаасны зах зээлд батлан даалттай шинэ бүтээгдэхүүн бий болно
Монголын хөрөнгийн бирж болон Зээлийн батлан даалтын сан нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гаргах өрийн хэрэгсэл буюу бондод батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх, үнэт цаасны зах зээлд батлан даалттай шинэ бүтээгдэхүүн бий болгох талаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох чиглэлээр санамж бичиг байгууллаа. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр Монголын хөрөнгийн биржийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үнэт цаасны арилжааг нээж, цанг цохих ёслолд оролцлоо.
Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар компанийн нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийн үнийн дүн нь тухайн компанийн өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байх шаардлага тавигддаг. Тэгвэл санамж бичиг байгуулагдсанаар хуулийн холбогдох шаардлагыг хангахгүй байгаа бизнес эрхлэгчид Зээлийн батлан даалтын сангаас олгох батлан даалтын тусламжтайгаар өөрт шаардлагатай санхүүжилтийг бүрэн татах боломж бүрдэх юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|