Худалдаа ДНБ-ийг огцом өсгөв
Үндэсний статистикийн хорооноос энэ оны дөрөвдүгээр сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцууллаа. Тайлант хугацаанд мөнгөний нийлүүлэлт 16.2 их наяд төгрөг болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 30.1 хувиар өссөн байна. Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө дээрх хугацаанд 937.6 тэрбум төгрөг болж, жилийн өмнөх үеэс 103.4 тэрбумаар нэмэгджээ. Монголбанк бодлогын хүүгээ энэ оны гуравдугаар сард нэг нэгж хувиар бууруулж, 10 хувь болгосон нь ийнхүү мөнгөний зах зээлд нөлөөлж эхэлсэн байна. Банкны салбарын эрүүл мэндийг илэрхийлэх хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн үзүүлэлт өнгөрсөн сарын эцэст буурсан дүнтэй гарлаа. Тухайлбал, банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл тайлант хугацаанд 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 2.2 хувиар буурчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.3 хувийг эзэлж, өнгөрсөн онтой харьцуулахад 0.3 хувиар агшсан байна. Мөн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл тайлант хугацаанд ялимгүй хумигджээ. Инфляц өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад дөрөвдүгээр сард зургаан хувиар өсчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ тайлант хугацаанд өмнөх оны эцсээс 3.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.2 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэнийг дүнгээрээ 5.9 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. Хэдий инфляц гуравдугаар сартай харьцуулахад 0.6 хувиар өссөн ч төв банкны зорилтот түвшнээс хоёр хувиар нам түвшинд байна. Төсөв, мөнгөний бодлогын үзүүлэлт харьцангуй эерэг гарлаа. Учир нь, улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 204 тэрбум төгрөгөөр өссөн байна.
Энэхүү өсөлтөд төсвийн орлогын өсөлт зарлагын өсөлтөөс 10.2 нэгжээр илүү байгаа нь нөлөөлжээ. Татварын орлого дөрөвдүгээр сарын эцэст 2.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 23.5 хувиар өссөн байна. Улсын нэгдсэн төсвийн орлогын 79.8 хувийг татварын орлого эзэллээ. ҮСХ-ноос нийгэм, эдийн засгийн сарын үзүүлэлтээс гадна ДНБ, ажиллах хүч, өрхийн орлого, зарлагын судалгааг танилцуулсан юм. Энэ оны эхний улирлын гүйцэтгэлээр ДНБ 3.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өсөв. Уг өсөлтөд үйлчилгээ, бөөний болон жижиглэн худалдааны салбарын өсөлт голлох нөлөө үзүүлсэн байна. Эдийн засаг өнгөрсөн оны эхний улиралд 4.2 хувиар өсөж байсан. Тэгвэл энэ оны нэгдүгээр улиралд 6.1 хувиар ийнхүү тэллээ. Тайлант хугацаанд хөдөлмөрийн зах зээлд бага зэрэг эерэг өөрчлөлт гарлаа. Улсын хэмжээнд нийт бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо жилийн өмнөх үетэй харьцуулахад 9.6 мянгаар буурсан байна. Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банк манай улсын энэ оны эдийн засгийн өсөлтийг 3.8- 5.3 орчим хувиар төсөөлж буй. Өнгөрсөн оны эцэст ДНБ 5.1 хувиар өсөж, хүлээлтээс давсан. Харин энэ оны эхний улиралд барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж, үүнийг дагасан үйлдвэрлэл сэргэж, худалдаа, үйлчилгээний салбарт нааштай өөрчлөлт гарч байна. Энэ нь ДНБ-ий өсөлтөд томоохон түлхэц болсныг ҮСХ-ны ээлжит тайланд дурджээ.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
|