Монгол Улсын эдийн засаг сэргэсэн ч хөрөнгө оруулагчид эргэлзсэн хэвээр

2018 оны 5 сарын 03

Arslan.mn

Олон Улсын Валютын Сантай хамтран хөтөлбөр хэрэгжүүлснээс хойш нэг жилийн хугацаанд Монгол Улсын эдийн засаг сэргэж байна. Хэдий тийм боловч нэг салбарaaс шалтгаалан огцом уналт, өсөлт ээлжилдэг Монгол Улсын хувьд энэ сэргэлт хэр удаан үргэлжлэх вэ гэдэгт хөрөнгө оруулагчид анхаарч байна. Түүхий эдийн үнэ өсөж, БНХАУ-ын нүүрсний эрэлт сайн байсан нь төсвийн орлогыг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтөд түлхэц болжээ. Ингэснээр далайд гарцгүй Монгол Улс хөгжиж буй орнуудад нүүрлэдэг хямралын ирмэгээс холдсон гэж шинжээчид дүгнэж байгаа юм. Төсвийн зарцуулалтын хяналт сайжирсан нь мөн үүнд нөлөөлжээ. Одоогоос 12 сарын өмнө Засгийн газрын үнэт цаасны хүү бараг 20 хувьд хүрч, өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнтэй тэнцэхэд ойртож байсан юм. Мөн гадаад валютын нөөц хоёр сарын импортын хэрэгцээг хангах түвшинд хүрч буураад байсныг Олон Улсын Валютын Сан мэдээлж байна. Харин одоо эдийн засгийн өсөлт 5.1 хувьд хүрч, төсвийн тэнцэл дотоодын нийт бүтээгдэхүүний 15 хувьтай тэнцэхүйц хэмжээгээр сайжирч, валютын нөөц гурван тэрбум орчим ам.доллар болоод байгаа юм.

"Монгол Улсын макро эдийн засгийн байдал богино хугацаанд сайтар тогтворжсон" гэж Олон Улсын Валютын Сангийн Ази, Номхон далайн бүс хариуцсан дэд захирал Маркус Родлуар дөрөвдүгээр сард мэдэгдэж байсан юм. Хэдий тийм боловч 11 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй Монгол Улсын эдийн засаг томоохон эрсдэлээс холдож чадаагүй байна. Уул уурхайн түүхийн эдийн үнийн өсөлт хэр удаан үргэлжлэхээс их зүйл хамаарахаар байгаа энэ үед бүтцийн шинэчлэл хийх шаардлагатайг Олон Улсын Валютын Сан анхаарууллаа.

Харин "Moody’s" агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэл түүхий эдийн үнийн циклээс хамааралтай байгаа талаар мэдэгдлээ. БНХАУ-ын Монголоос импортолсон коксжих нүүрсний хэмжээ гуравдугаар сард өмнөх сараасаа 132 хувиар өссөн байна. Хэдий тийм боловч энэ нь жилийн өмнөхөөс 5.6 хувиар буурсан дүн боллоо.

"Олон улсын хэмжээнд эдийн засаг сэргэснээс шалтгаалан түүхий эдийн үнэ өссөн. Монгол Улсын эдийн засаг сэргэсэн нь энэ өсөлтөөс шалтгаалж байгаа" гэж Монголын бондод хөрөнгө оруулж байсан Лутз Ромейер дүгнэжээ. Тэрбээр “Capitulum Asset Management”-ийн хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажилладаг байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56837
0 эможи

keyboard_arrow_up