Хоолны тансаг хэрэгслийн зах зээл 41 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна
Дэлхийн тансаг хэрэглээний зах зээлд багагүй хувийг хоолны хэрэгслийн зах зээл эзэлдэг. Энэ зах зээл аажмаар өсөж, 2020 он гэхэд 41 тэрбум ам.доллараар хэмжигдэнэ гэж “Global Industry Analysts” байгууллага тооцоолжээ.
“Isenso Casa” дэлгүүр Итали, Германы тансаг зэрэглэлийн гэр ахуйн барааг Монголын зах зээлд нийлүүлээд жил орчмын хугацаа өнгөрч байна. Тус дэлгүүрт худалдаж буй хоолны хэрэгслээс хамгийн үнэтэй нь 19 гаруй сая төгрөгийн халбага, сэрээ, хутганы цуглуулга байгаа аж. “Versace”- ийн “Le Tresors De La Mela” гэх энэхүү цуглуулгыг 24 каратын алтаар бүржээ.
Харин аяга, тавгийн цуглуулга 8-10 сая төгрөгөөр худалдаалагддаг байна. Дотоодын зах зээл дэх хоолны хэрэгсэл, гэр ахуйн чимэглэлийн бүтээгдэхүүнүүд түлхүү хуучинсаг загвартай байдаг аж. Иймд залууст зориулсан шинэлэг, орчин үеийн загвартай эдлэлийн орон зай хоосон байгааг дэлгүүрийн зүгээс онцолсон юм.
Үүнээс гадна “Амар Старс” компани Английн тансаг зэрэглэлийн “Portmeirion” брэндийн зургаан төрлийн коллекцийг 2015 оноос дотоодын зах зээлд нийлүүлж байна. Тус брэндийн борлуулалт сүүлийн хоёр жилийн хугацаанд 30-50 орчим хувиар нэмэгдсэнийг компанийн зүгээс онцоллоо.
Н.Болор-Эрдэнэ