Кастодианы үйл ажиллагааг зохицуулсан журам эцэслэн батлагдлаа

2014 оны 7 сарын 07

2013 онд УИХ-аас Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийг шинэчлэн баталснаар кастодиан хэмээх шинэ төрлийн үйлчилгээ Монголын санхүүгийн зах зээлд нэвтрэх эрх зүйн боломжтой болсон юм.

Үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн томоохон, чухал байгууллагуудын нэгд кастодиан зайлшгүй орох бөгөөд энэ нь тухайн оронд хувьцаа болон бусад төрлийн үнэт цаасаар хийгдсэн хөрөнгө оруулалтыг бүрдүүлдэг учир тус үйлчилгээ нь үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалт хийхэд хөрөнгө оруулагчийн үнэт цаас болон бусад хөрөнгийг найдвартай хадгалах, тэдгээрийн дансны мэдээллийг нэгтгэх, хөрөнгөтэй холбогдсон татварын үйлчилгээг үзүүлэх, хөрөнгө оруулагчийн хувьцаагаар баталгаажсан эрхийг хэрэгжүүлэх зэрэг олон төрлийн үйлчилгээг хөрөнгө оруулагчдад бүрэн үзүүлдэг мэргэжлийн байгууллага юм.

Гадаадын хөрөнгө оруулагчид болон хөрөнгө оруулалтын сангууд Монгол Улсад үнэт цаасны зах зээлээр дамжуулан хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаа хэдий ч  дээрх төрлийн үйлчилгээ байхгүй явдал нь үүнд томоохон бэрхшээл болдог.

Нөгөө талаас кастодианы үйлчилгээ нь өрсөлдөөнийг бий болгодог ба үүний үр дүнд хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, мэргэшсэн цогц үйлчилгээг хөрөнгө оруулагчдад хүргэдгээрээ бусад ижил төрлийн үйлчилгээнээс онцлог юм. Мөн үнэт цаасны хадгаламж, төлбөр тооцоо нь давхар хяналтын системд шилжсэнээр хөрөнгө оруулагчийг мэргэжлийн этгээд төлөөлдөг тул хувьцаа эзэмшигч, түүний дотор жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашиг хамгаалагдах ач холбогдолтой юм.

Дээрх кастодианы үйл ажиллагааг нарийвчлан зохицуулсан журмын төслийг 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооны дарга, Монголбанкны Ерөнхийлөгчийн 85/А-106 тоот хамтарсан тушаалаар эцэслэн баталлаа. Ингэснээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар олгосон эрх бүхий этгээдүүд кастодианы үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авч, гүйцэтгэх боломжтой болсон байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5547
0 эможи
keyboard_arrow_up