65 их наяд төгрөгт хүрсэн МОНГОЛ Улсын гадаад ӨРИЙН ЗАДАРГАА
Монгол Улсын нийт гадаад өр 2017 оны IV улирлын байдлаар 27 тэрбум 413 сая ам.доллар буюу 65.6 их наяд төгрөгт хүрээд байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.7 тэрбум ам.доллар буюу 6.6 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Гэхдээ гадаад өр гэдэгт зөвхөн Засгийн газрын өрийг авч үзэхгүй.
Тухайлбал, Улсын Их Хурлаас 2015 онд баталсан Өрийн удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт “улсын нийт гадаад өр”-ийг Засгийн газар, орон нутаг, Монголбанк болон Монгол Улсад бүртгэлтэй аж ахуйн нэгжийн харьяат бус аливаа этгээдэд төлөх төлбөрийн үүрэг гэж тодорхойлсон байдаг.
Эх сурвалж: Монголбанк
Задаргааг үзвэл өнгөрсөн жил Монгол Улсын Засгийн газрын гадаад өр 2.4 тэрбум ам.доллар буюу 5.8 их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь гадаад өрийн нийт хэмжээ нэмэгдэхэд гол нөлөөг үзүүлжээ.
Харин албан байгууллагууд, арилжааны банкуудын гадаад өр төдийлөн нэмэгдээгүй байна.