Ч.Ганхуяг: Биткоиноор ашиг олбол аз чинь. Алдагдал хүлээвэл би хариуцлага хүлээхгүй
Ард санхүүгийн нэгдлийн захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.
-Та биткоинд хөрөнгө оруулалт хийсэн нь биткоинд итгэх иргэдийн хандлагыг улам нэмэгдүүлэх шиг болсон. Ханш 12,000 ам.долларт хүрч байгаад 5000 руу орж унасан. Сүүлийн хэд хоног эргэж сэргэн 8,000 ам.доллар давсан байна лээ. Ханш унаж байхад танд юу бодогдов?
-Биткоинд хөрөнгө оруулалт оруулсан хүн болгоны санаа зовсон байх. Миний хувьд ч ялгаагүй. Гэхдээ шинэ үзэгдэл, шинэ санхүүгийн хэрэгсэл гэдэг утгаараа богино хугацааны савлагаанд өртөнө гэдгийг анхнаас нь мэдэж байсан. Өмнө нь ч гэсэн биткоины ханш навс унасан түүх бий.
-Хэдэн онд?
-2011 онд хэд хэдэн бирж татан буугдахад ханш нь 1,000 ам.доллараас бууж, савлагаанд орсон. Томоохон улс гүрэн, зохицуулагчид мэдэгдэл хийх болгонд ханш савлагаанд ордог. Энэ процесс ганц, хоёр cap битгий хэл хэдэн жилээр үргэлжилж, буцаж өссөн түүх бий. Тийм болохоор “Яая даа” гэж нэг их санаа зовоогүй. Хэдхэн хоногийн өмнө Давосын чуулганд оролцлоо. Оролцогчид блокчэйн, криптовалютын талаар маш их сонирхож байна лээ. Энэ сарын 12-нд АНУ-ын үнэт цаасны хорооноос мэдэгдэл гаргасны дараа ханш эргэж өссөн.
Гэтэл криптовалютыг БНХАУ бүр мөсөн хорих, БНЭУ хатуу байр суурь баримтлахаа илэрхийлснээс болж ханш цаашид тогтворжиход нөлөөлж байх шиг байна. Бид анхнаасаа энэ талбарыг урт хугацааны хөрөнгө оруулалт гэдэг утгаар хандсан. Цаашдаа ам.доллар, төгрөг шиг зах зээл дээр хэрэглэгдэх ёстой зүйл. Биткоин худалдаж авч байгаа хүмүүст зөвлөхөд нэгдүгээрт, бүр мөсөн алдах боломжтой хэмжээнд худалдаж ав. Авсан бол өдөр бүр ханшийг нь битгий хар.
-Бүр мөсөн алдах хэмжээнд гэхээр?
-Бага хэмжээнд гэсэн үг. Халаасан дахь бүх мөнгөөрөө хөрөнгө оруулах хэрэггүй. Зээл аваад хөрөнгө оруулалт хийе гэж ирсэн иргэдийг бид буцаадаг. Тэгж болохгүй. Мөн эрсдэлээ маш сайн судлах хэрэгтэй. Биткоиныг анх уламжлалт банк, санхүүгийн салбарын хүнд суртлыг үгүй хийх зорилготой зохиосон. Энэ утгаараа хөрөнгө оруулалт биш харин санхүүгийн хэрэгсэл гэдэг үүднээс хандах хэрэгтэй.
Гадагшаа мөнгө гуйвуулах, төлбөр төлөх зэрэгт ашиглавал илүү зохистой гэсэн үг. Гэхдээ өнөөдөр ханшийн өсөлтийг ашиглаж мөнгө хийх боломж гарч ирсэн юм чинь яагаад ашиглаж болохгүй гэж. Энэ талаас нь би тайлбарлаж өгдөг. Хэдийгээр ингэж зөвлөдөг ч гэлээ уриалан дуудсан зүйл огт байхгүй. “Асар их ашиг олно", “Баталгаатай” гэж уриалж, хэлж болохгүй.
-Гэхдээ таны фэйсбүүк хуудсаар дамжуулсан мэдээллийг шууд утгаар ойлгохоор байсан?
-Зарим иргэд тэгж ойлгосон байж магадгүй. Уг нь үгээ их сайн бодож, цэгнэж хэлсэн юмсан.
-Иргэдийн олонх нь өөрийн сонссон зүйлдээ шууд итгэх хандлагатай байдаг нь аливаа эрсдэлд орох эхлэлээ тавьдаг юм шиг.
-Та миний өмнөх бичлэгийг дахиад нэг үзээрэй. Тийм болохоор л сайн судал гэж хэлдэг. Би 2016 оны арваннэгдүгээр сард анхны live-aa хийж “Төлбөр тооцооны ийм хэрэгсэл байна. Гадаадад руу шимтгэлгүйгээр гуйвуулга хийж болдог юм байна” гэж тайлбарласан. Тухайн үед 700 ам.долларын ханштай байсан. “Ханш өсөж байна. Хөрөнгө оруулалт хийвэл ашиг хийж болж байна. Гэхдээ алдах хэмжээндээ хөрөнгө оруулалт хийгээрэй. Ашиг олсон ч, алдсан ч хариуцлага нь зөвхөн өөрийнх чинь шүү” гэж хэлсэн. Биткоин зарсан гэрээнд ч энэ талын сануулгыг тусгаж өгдөг. Ашиг олбол би хувь авахгүй. Алдагдалд орсон ч хариуцлага хүлээхгүй. Би 1997 онд хадгаламж зээлийн хоршоог анх үүсгэн байгуулж байлаа.
Гэтэл үүнийг мушгин, гуйвуулснаас болж 2004, 2005 онд олон тооны иргэд хохирол амссан. Тэр хүмүүс шуналдаа хөтлөгдөж, олон жилээр мөнгө байршуулсан. Уг нь энэ хугацаанд ногдол ашгаа авсан шүү дээ. Эцэст нь алдагдалд оронгуутаа татвар төлөгчдөөс хариуцлага нэхсэн. Өнөөдөр хөрөнгө оруулалт оруулах, үгүйгээ хүмүүс өөрсдөө хийх эрхтэй. Алдагдалд орвол таны хариуцлага. Ашиг олбол таны халаас зузаарна гэсэн үг. Манай байгууллагын хувьд алдвал алдсан ч яах вэ гэдэг утгаараа багахан хэмжээнд хөрөнгө оруулсан. Биткоин 2023 онд 500 мянгаас нэг сая ам.доллар хүрнэ гэдэгт та итгэх үү. Би үүнд итгэдэг. Энэ жил хамгийн багадаа 50 мянган ам.доллар хүрнэ.
-Та нийгэмд багагүй үлгэр жишээ болдог хүн. Гэтэл энэ үг чинь л биткоины давалгааг бий болгоод байна шүү дээ?
-Би өөрийн хэлсэн үгэндээ ч, нийгэмд үзүүлэх нөлөөгөө ч мэднэ. Блокчэйн технологи бол монголчуудын хувьд хугарлын цэг гэдэгт итгэдэг. Монголчуудад асар том боломж олдсон. Бид дэлхийд манлайлах боломж гэсэн үг. Бид өнөөдөр зөвхөн арагшаа харж, чээжээ дэлддэг улс болчихоод байна. Яагаад ийм байх ёстой гэж. Үүнд миний нөлөө ч бий. “Би эх орондоо хайртай” гэдэг уриа гаргаж гавьяат жүжигчин Д.Сосорбарам, соёлын гавьяат Ш.Гүрбазар гуайг рекламд тоглуулахаас эхлээд олон зүйл хийж алдаж, оносон.
Биткоиноор хүмүүс мөнгө хийсэн үү гэвэл хийсэн. Олон хүн маш их хэмжээний мөнгө хийсэн. Гэхдээ бүгдээрээ чимээгүй байдаг. Харин миний хувьд сонсож, судалснаа хүмүүстэй хуваалцсан. Залууст үлгэр жишээ болдог хүн ингэж дуугарах нь буруу гэж та хэллээ. Магадгүй. Би анх “Улс төр намайг өөрчлөхгүй, би улс төрийг өөрчилнө” гэж орж байлаа. Тэр утгаараа бусад улстөрчдөөс ч өөр. Юу вэ гэхээр бодсон зүйлээ шууд хэлдэг. Худлаа хэлэхгүй. Хэрвээ яг энэ хэвээр минь иргэд хүлээж авч чадахгүй бол би дахиж улс төрд орохгүй. Яг үүнтэй адил Ч.Ганхуяг гэж хүнийг бий болгосон зарчмыг өөрчлөхгүй.
Биткоин эрсдэлтэй юу гэвэл эрсдэлтэй. Азаа үзэхэд гэмгүй. Гэхдээ алдах хэмжээнд шүү дээ. Технологи нь гайхамшигтай юу, гайхалтай гэхэд ч багадна. Засгийн газарт, банк санхүүгийн тогтолцоонд, нийгэмд, хувийн хэвшилд асар их дэвшил авчирна. Манайх Блокчэйн академи байгуул-сан. МУИС, ШУТИС-ийн оюутнуудад амралтын өдрүүдэд хичээл заадаг юм.
Тэнд асар их авьяастай, оюунлаг залуусыг цуглуулж, төр засгийн үйлчилгээг түргэн шуурхай, ил тод байлгах, авлигаас бүрэн ангижрах технологийн оролцоо ямар байх вэ гэдгийг судалдаг. Интернэт хэрэглээнд нэвтрэхэд бид дагаад хэрэглэсэн. Гар утсыг мөнгө төлөөд л худалдаж авсан. Тэгвэл бид өнөөдөр биткоин олборлож байна. Олборлолтыг хийхдээ Крипто үндэстэн тусгай зориулалтын сан байгуулсан ХХК л даа. Танд олборлолт яаж хийдэг бичлэгээ үзүүлье.
-Олон сервер байршуулсан байна. Байршил нь нууц уу?
-Нууц байлгүй яах вэ. Бид эх орныхоо хөрсийг ухаж, сэндийлэхгүйгээр зөвхөн технологи ашиглаж мөнгө үйлдвэрлэж байна. Би түрүүн нэг зүйл хэлэхээ мартчихаж. Үндсэн хуулиар өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй биз дээ. Намайг сохроор дагаад биткоинд хөрөнгө оруулж байна гэвэл худлаа шүү.
-Ямартай ч сүлжээний хэд хэдэн газарт сургалтад суухад таны нэрийг дурдаж байсан?
Тийм сүлжээний газрууд буруу гэж би хэлдэг шүү дээ.
-Биткоин хувиараа олборлох боломжгүй иргэд 500 мянгаас эхлээд олон сая төгрөгөөр баг бүр-дүүлдэг гэсэн. Өөрсдийнх нь хэлснээр 3,000 гаруй гишүүнтэй гээд тооцвол тэнд олон тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт эргэлдэж байгаа нь харагдсан. Зааварлагчдын ярьснаар “Хас”-ын Ганхуяг биткоины хөгжүүлэлтийг хийдэг. АТМ-ыг оруулж ирнэ” гэсэн нь иргэдэд итгэл төрүүлж байсан?
-Onecoin-нийхон миний нэрийг ашиглаад ном гаргасан байна лээ. Би буруу гэж хэлсэн.Зогсоох талын арга хэмжээ авч байгаа. Onecoin болон бусад пирамид схемийн тогтолцоо нь бүгдээрээ мөнгө босгох зориулалттай, залилангийн сүлжээ. Нэг юм нэмж хэлэхэд миний нэрийг ашигласан хүн бүрд итгэх хэрэггүй. Шаардлагатай гэвэл надтай уулз, зөвлөгөө ав. Фэйсбүүкээр холбогдсон ч болно.
Би өөрийн ярьж, хэлсэн зүйл, та бүхэнтэй хийсэн бизнестээ хариуцлагаа хүлээнэ. ‘‘Ард санхүүгийн нэгдэл”-ийн удирдлага, үүсгэн байгуулагчийнхаа хувьд шүү дээ. “Ч.Ганхуяг ингэсэн учир надтай бизнес хий" гэж сургалтынхаа 1 схемдээ ашигладаг тохиолдол хөдөө орон нутагт их гарсан гэсэн. Ийм зүйлд би хариуцлага хүлээхгүй.
-Ийм газруудад хандсан уу?
-Мэдэгдэл хийсэн юм чинь очиж уулзаж яах юм. Хууль хяналтын байгууллага нь шийдэх биз.
-Биткоины ханш эргэж сэргэж байна. Гэхдээ асуудал муугаар төгслөө гэж бодоход иргэд танаас хариуцлага нэхвэл яах вэ?
-Танд хэлсэн үгээ л хэлнэ.
-Би хариуцлага хүлээхгүй гэж үү?
-Би зохиосон биш яагаад хариуцлага хүлээх ёстой гэж. Би ямар боломж олгосон бэ гэхээр мэдээлэл хийсэн. Хурал зохион байгуулж, ном зарсан. Дээр нь биткоиныг алдах хэмжээнд худалдаж ав, зээл тавьж болохгүй гэж хэлсэн.
-Танай компани хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн бэ?
-Алдах хэмжээндээ.
-Ойролцоогоор?
-Маш бага хэмжээнд.
-Энэ нь хэдэн төгрөг гэсэн үг вэ?
-950 сая төгрөгийг хөрөнгө оруулалтыг санд хийсэн. Үүнийхээ 50 хувиар олборлолт хийдэг.
-Та өөрөө хувиараа олборлолт хийхэд хэдэн төгрөг зарцуулсан бэ?
-Хэдэн сервер ажиллаж байгааг та бичлэгээс үзсэн шүү дээ. Тэгэхээр асар их хөрөнгө оруулсан нь ойлгомжтой. Нэг машин хэдэн төгрөгийн үнэтэй билээ. Барилга барихаас эхлээд агааржуулагч, тоног төхөөрөмж гэхээр их тооцоо гарна.
-Биткоин олборлох гэдгийг иргэд ойлгодоггүй. Товчхон тайлбарлаач?
-Одоогоор 17 сая биткоин олборлогдсон. Цаана нь дөрвөн сая биткоин бий. Үүнийг 2140 он хүртэл олборлох боломжтой. 15 минут тутамд нэг биткоин шинээр үйлдвэрлэгддэг. Тэрийг нь серверүүд тооцооллын аргаар нэгнээсээ өрсөж хувааж авдаг юм. Биткоины ханш 8,000 ам.доллар байлаа гэхэд 15 минут тутамд 8,000 ам.доллар гаргаж авна гэсэн үг.
-Хүн болгон өөрийн нөөц бололцоонд тулгуурлаж биткоин олборлох боломжтой юм бол биткоины нөөц дууссаны дараа шинээр үйлдвэрлэх боломжтой юм биш үү гэж иргэд их асуудаг?
-Дэлхий дээр 1,500 гаруй криптовалют бий. Тэгэхээр дуусна гэж огт байхгүй.
-Монголбанкнаас хоёр удаа мэдэгдэл гаргасан. Энэ мэдэгдлийг та юу гэж бодож байна?
-Яг л адилхан. Бид хариуцлага хүлээхгүй. Алдах хэмжээндээ л хөрөнгө оруулалт хий. Өөр хэлэх юм алга.
-Ингэхээр л эвгүй сонсогдож байна. Та хөгжүүлэлтэд томоохон үүрэг гүйцэтгэчихээд ингэж хэлж болно гэж үү?
-Дэлхий даяар сурталчилж байна шүү дээ. Давосын уулзалтад хүртэл энэ сэдвийг бүгдээрээ сонирхож байна. Би дэлхийн долоон тэрбум хүний өмнөөс амьдраагүй. Монголчуудын уруул гахай шиг болчихсон гэсэн яриа гарсан даа. Аквариумын загас хоол өгөхөөр идчихээд л, хоол өгөхгүй бол турж үхдэг шиг монголчууд өөрийн хувь заяаны эзэн нь биш болсон. Дандаа төр засгийн гар харна, юм нэхнэ. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Миний аав механик инженер мэргэжилтэй.
Би сургалтынхаа төлбөрөө улсаас төлүүлээгүй. Ээж, аав маань наймаагаар олсон хэдэн төгрөгөөрөө миний төлбөрийг төлсөн. Хүрэлцэхгүй болохоор нь өр тавьсан. 1990-ээд онд нэг жилийн 10 мянган ам.долларын сургалтын төлбөрийг өөрөө төлж суралцаад Монголбанканд ажилд орсон ганцхан хүн нь би. Өнөөдөр босгосон амьдралдаа ч, нэр төрдөө ч би хайртай.
Гаргасан алдаандаа ч хайртай. Яагаад гэвэл тэр бүхэн нийлж нэгдэн намайг тодорхойлдог. Би олон алдаа гаргадаг. Юм хийдэг, хийх гэж оролддог учраас алддаг. Алдсан ч гэлээ хүмүүсийг хохироох дургүй. Боломж байгааг нууж, ганцхан өөртөө ашиглаж дургүй. Биткоин, блокчэйн, криптовалютад хувиасаа ч, компанийнхаа зүгээс ч хөрөнгө гаргаж, бусдыг сэнхрүүлэх, гэгээрүүлэх ажлыг хийсэн. Зөв, бурууг цаг хугацаа харуулах байх.
-Ханш 12 мянган ам.доллар байхад нь худалдаж авсан хүмүүс 5,000 ам.доллар болтлоо буухад хэцүү л санагдсан байх даа?
-Долоо хоногийн дотор 20 мянган ам.доллар болгоно гэж бодож худалдаж авсан бол “тэнэг” гэж хэлнэ. Хүмүүст 2025 он хүртэл март гэж хэлдэг. “Хийвэл бүү ай, айвал бүү хий” гэдэг дээ. Шалчганаж гүйх дэмий. Хамгийн аюултай нь Давост очоод Цьюрих рүү такси барихад 600 еврогийн хөлс гарсан юм. Жолооч төлбөрөө биткоиноор авмаар байна гэхээр нь тооцоогоо хийтэл долоо хоногийн дараа ханш унасан. Ханш хоёр дахин унахаар төлбөрөө бэлнээр авдаг байж гэж жолооч харамссан байх. Сая 5,000 ам.долларт хүртлээ уналаа. Ямар муухай мэдрэмж төрсөн бэ. Өсөхөөр нь сэтгэл жаахан уужирсан.
-Яг тэр үед нь танаас ярилцлага авах гэтэл хариу өгөхгүй байсан?
-Гадаадад явсан юм чинь чамд яаж хариу өгөх вэ дээ. Би Монголоос илүү гадаадад эрэлттэй хүн болчихоод байна гэж хэлээд байна шүү дээ. Хүмүүс надаас “Биткоинд яаж хөрөнгө оруулах вэ”, “Монголд цахилгаан станц баримаар байна”, “Хөрөнгө оруулалт хиймээр байна” гэдэг. Бидэнд боломж байна уу, байна. Гол нь ашиглах хэрэгтэй. Бидэнд тулгарсан бүх асуудлыг блокчэйн технологиор шийдэх бүрэн боломжтой.
-Блокчэйн технологи банк санхүүгийн салбарт томоохон ахиц авчирна гэлээ. Гэхдээ яаж. Иргэд уламжлалт төлбөрийн хэрэгслээр бүрэн татгалзах замаар уу?
-Санхүүгийн зуучлалыг байхгүй болгох юм. Төв банк хэрэгцээгүй болно гэсэн үг л дээ. Би Төрийн ордны баруун талаас УИХ-ын дарга руу, зүүн талаас нь Ерөнхий сайд руу “Ажлаа хийгээч ээ. Ам.доллар 1,700 гарчихлаа" гэж салаавч гаргасан даа. Дотоодын нийт бүтээгдэхүүн доллараар хэмжигдэх үед манай улс дунд орлоготой улс болсон. Гэтэл эдийн засаг хямарч, төгрөгийн ханш унахаар ам.долларын ханш 2,000 гарсан.
Би үүнийг л эсэргүүцсэн. Бид чөлөөт зах зээлийн тогтолцоотой улсад аж төрж байж заавал монгол төгрөгөөр хадгаламж нээх ёстой гэж. Алт, ам.доларын хадгаламж эзэмшиж болохгүй гэж үү. Гэхдээ ам.долларын цаана Америк, алтны ханшийг зах зээлийн нийлүүлэлт нь тогтоодог. Тэгвэл криптовалют бол байж л байна.
-Дэлхий дээр олон сервер ажиллаж байна. Хэрвээ бүх сервер унтарвал криптовалют устах эрсдэлтэй биз дээ?
-Бүх сервер унтарвал ам.доллар ч гэсэн байхгүй болно.
-Яагаад ам.доллар гэж. Криптовалютыг бодвол гарт баригддаг төлбөр тооцооны хэрэгсэл биз дээ?
-Венесуэлийн ханш яаж унасан бэ. Манайх ч гэсэн. Америк дэлхийн хамгийн том эдийн засагтай гэдэг. Тэгвэл бүх сервер унтарвал америкийн эдийн засаг “тэг" болно. Тэдэнд итгэх иргэдийн итгэл “тэг” болно. Америк өөрөө үнэт цаасаа худалдаж авч чадахаа болино. Энэ чинь дэлхийн бусад орон Америкт өгөх ер байхгүй юу. АНУ ам.долларыг хязгааргүйгээр хэвлэж бусдаас авах өрөө нэмэгдүүлдэг. Харин криптовалют бол огт өөр. Цаана нь хэн нэгэн этгээд, Засгийн газар байхгүй. Хэн ч хянах ямар ч боломжгүй. Хятад, Энэтхэг Улс хориглолоо. Гэхдээ Япон, Швейцар улсууд зөвшөөрч байна. Хойд, урд хоёр хөрш хоригловол тэдний бүх ухаалаг мөнгө Монголд төвлөрнө. Швейцар, Люксембургээс том эдийн засагтай болно гээд бод доо.
-Дэлхийн бусад орнууд хориглосон төлбөрийн хэрэгслийг Монголд зөвшөөрөх нь ямар ашигтай гэж?
-Урсгалыг зөрж амьдрах хэрэгтэй. Давуу талаа бий болгоё гэвэл бусад улсын хийж чадахгүй зүйлийг хийх хэрэгтэй. Бид италичуудтай итали арьсан цүнхээр нь өрсөлдөөд амжилт гаргах уу. Француудаас илүү загварлаг ноолууран цамц нэхэж чадахгүй. Хятадуудаас илүү хүнд үйлдвэрээ хөгжүүлж, Оросуудаас илүү хямд ган үйлдвэрлэж чадахгүй нь үнэн. Нэг яамны нэг дарга гадаадад “Манай эмэгтэйчүүд оёдлын үйлдвэрт сайн ажиллаж чадна" гэж хэлсэн байна лээ. Бид дэлхийг бүхэлд нь дотуур хувцсаар хангаж чадахгүй.
Монгол эмэгтэйчүүд яагаад заавал оёдолчин байх ёстой гэж. Бүжигчин, багш, хуульч гээд олон гоё мэргэжил байна. Яагаад гуравхан сая байж хүнд хүчир ажил хийх ёстой гэж. Бид өрсөлдөх чадвараа зөв тодорхойлж, хөгжүүлж байж “чоно” эдийн засаг гэдгээ гаргаж ирэх ёстой. Ийм атал бидний үр хүүхдүүд яагаад Бангледаш, Вьетнам шиг хар ажилчин болох ёстой юм бэ. Хятадууд ч хар ажлаа өөрсдөө хийхээ больсон цаг. Хүнд үйлдвэрт ажилласан хүн саятан болсон түүхийг та мэдэх үү.
-“Бүгдээрээ сэхээтэн болчихоор зам, барилгыг хэн барих юм бэ” гэж иргэд асуух байх?
-Хойд Солонгос, Бангледаш, Энэтхэгүүдийг ажиллуулж болно шүү дээ. Хүүхдээ оёдлын үйлдвэрт ажиллуулах мөрөөдөл тээх бус хамгийн баян чинээлэг амьдралтай, үнэнч шударга улстөрч, бизнесмэн, багш, хуульч болгохыг мөрөөдөх ёстой.
ҮНДЭСНИЙ ШУУДАН