Монгол Улсын ДНБ-ий өсөлт 2021 он гэхэд 7 хувьд хүрч эрчимжинэ

2018 оны 1 сарын 30

Arslan.mn

Түүхий эдийн экспортын орлогоос хамааралтай байдал нь ойрын жилүүдэд Монгол Улсын зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлөх эрдэлтэй гэж “Moody's” агентлаг үзэж байна. Нөгөө талаас “Дунд хугацааны эдийн засгийн өсөлтийг эрдэс баялгийн нөөц дэмжинэ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын экспортолдог түүхий эдийн үнэ эрэлт ойрын жилүүдэд тогтвортой байж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2021 гэхэд долоон хувьд хүрч эрчимжинэ” гэж тус агентлаг тооцоолжээ. Засгийн газар 2017 онд шинээр бонд гаргаж, тулсан гадаад өр төлбөрийн асуудлыг шийдээд байна. Мөн Олон Улсын Валютын Сангийн тохиролцоог цаашид хэрэгжүүлснээр гарах эерэг өөрчлөлтүүд нь өмнөх огцом өсөлт, уналтын үеийнхээс ялгаатай байна гэж “Moody's” тайландаа дурджээ. “Moody's”-ийн тооцоолсноор ирэх онд төлөх гадаад өрийн хэмжээ гадаад валютын нөөцөөс 50 хувиар илүү байгаа юм. Мөн Засгийн газрын өр энэ оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 81 хувьтай тэнцэж байгаа нь өндөр үзүүлэлтэд тооцогдож байна. Тиймээс Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулсан бүтцийн өөрчлөлтийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэх нь зээлжих зэрэглэлд чухал болохыг тайландаа онцолжээ.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2016 онд 1.1 хувь болж саарч байсан ч ирэх жилүүдэд томоохон төслүүдийн нөлөөгөөр эдийн засаг сэргэлтийн замдаа орох боломжтой гэж "BMI Research”-ийн шинжээчид үзэж байна. Өөрөөр хэлбэл дотоодын нийт бүтээгдэхүүний 2017 оны өсөлтийг таван хувь гэж таамаглажээ.

Харин Үндэсний статистикийн хорооны урьдчилсан мэдээллээр 2017 оны эдийн засгийн өсөлт урьдчилсан гүйцэтгэлээр 4.9 хувьтай гараад байна. Харин “BMI Research”-ийн мэдээлснээр 2018-2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүн жилд дунджаар 6.6 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийг энэ онд 3.1 хувиар, Азийн хөгжлийн банк гурван хувиар, харин Олон Улсын Валютын Сан 4.2 хувиар өснө гэж тооцоод байна.

Эх сурвалж: bloombergtv.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
53129
1 эможи
keyboard_arrow_up