Зах зээлийг урагшлуулах гурван хандлага
Бизнес, эдийн засагт цалин хөлс, компанийн зардал чухал байр суурь эзэлнэ.
Энэ онд бизнес, эдийн засагт хамгийн чухал бөгөөд зах зээлийг урагшлуулж өгөх гурван зүйлийг авч үзэцгээе.
Хамгийн эхнийх нь цахин хөлс. Тооцоолж үзсэнээр цалин өргөн цар хүрээтэй, гайгүйхэн шиг өсөх болов уу. Өнгөрсөн 10 жилд АНУ-д цалин хөлс, ажлын байр аль аль нь сайжирсан. Одоо ажил хаа сайгүй ихэссэн тул америкчуудын дөрөвхөн хувь нь ажилгүйд тооцогдож байна. Сүүлийн нэг жилд цалин ч өсөж эхэллээ.
Гэхдээ цалингийн өсөлт хэт бага, дэндүү хожуу, даан ч явцуу гэж үнэлэхээр. Гэрээр хүн асрах, үйлчлэх, жижиглэн худалдаа зэрэг доод шатны хөдөлмөр эрхлэгч, санхүүгийн үйлчилгээ эрхлэгч, мөн супер оддын цалин өссөн. Харин хүн амын дийлэнх хувийг эзэлдэг гол хэсгийнхний цалин хэвээрээ.
Яахлаараа ингэдэг байна. Статистикт тулгуурласан янз бүр шалтгаан гаргаад ирж болно. Гэхдээ л минийхээр бол цалингийн үлбэгэр өсөлт нь сэтгэл зүйн учир шалтгаантай. АНУ-д baby boomers буюу 1960-аад онд хорвоод мэндлэгсэд, мянганыхан буюу 1990-ээд он, 2000-аад оны эхэн үед мэндлэгсэд ажиллах хүчний гол цөм боллоо. Эдүгээ нас сүүдэр 50 гарчихсан хэсэг нь өтөлж, өөрсдөө ч үл ойлгох шинэ технологид түрэгдэж байгаадаа сэтгэл түгшдэг. Энэ хүмүүс хөдөлмөрийн зах зээл хумигдаж буй өнөөгийн нөхцөлд цалингаа л нэмүүлэх бодолтой. Эдний ихэнх нь тэтгэвэрт гартлаа ажлын байрандаа тогтож байхыг л хичээж байгаа.
Гэтэл мянганыхны амьдарч ажиллах арга өмнөх үеийнхээсээ тэс өөр. Энэ үеийнхэн эрх чөлөө, уян хатан байдал, өндөр цалингийн хойноос улайрагсад. Нас нь дөнгөж 20 гарч буй энэ үеийнхэн үр хүүхэдтэй болж, байр сууц худалдан авах тэр үед одоогийн чиг хандлага хэрхэн хувирахыг та бид харцгаах болно. Ямартай ч АНУ- ын Холбооны нөөцийн системээс өнгөрсөн долоо хоногт нийтэлсэн тайланг үзвэл ажил олгогчид цалин нэмэхээсээ илүүгээр тусгай тэтгэмж олгох, ажлын цагийг уян хатан зохицуулах сонирхолтой байгаа. АНУ-д эдийн засаг гурван хувиар өсөж, сүүлийн 30 жилд тохиолдоогүй татварын хөнгөлөлт үйлчлэх гэж байхад шүү. Энэ нь та бид хөдөлмөрийн зах зээлийн талаарх хэвшмэл ойлголтоо эдийн засгийн өнөөгийн нөхцөлд нийцүүлэн эргэж харах ёстойг харуулж байна.
Ажиглаж байх ёстой бас нэг чухал зүйл бол компаниудын зардал. Санхүүгийн хямралаас хойш үүссэн өрийн ихэнхийг эзэмшиж буй, байнгын дэмжлэгтэй төрийн салбар, цалингийн үлбэгэр өсөлтөөс үүдэн хязгаарлагдчихаад байгаа хэрэглэгчийн эрэлт сэргэх хандлагын ачаар эдийн засагт компаниудын дарах жин улам ихэснэ.
Бүгд найрамдах намынхны бодлоор бол татвар багасгасан гол шалтгаан нь компаниудаас хилийн чанадад хуримтлуулсан мөнгийг АНУ-д авчрах, авчирсан хөрөнгийг бүтээлч хөрөнгө оруулалт болгох хувиргах явдал. AT&T, CVC, FedEx зэрэг зарим компани татварын хөнгөлөлтөөс хойш урамшуулалт цалин олгох, одоогийнхоос илүү ажиллах хүч ашиглахаар амлах нь амлаж байгаа. Гэхдээ л компаниудын дийлэнх нь өнгөрсөн жил хийсэн тэр л ажил буюу татвараас хэмнэсэн мөнгөө өөр бусад компанийг өөртөө нэгтгэх, хувьцаагаа эргүүлэн худалдаж авах, ноогдох ашгийн төлбөрт зарцуулах төлөвтэй.
Зах зээлд асар их (2007 онд болсончлон бодит эдийн засгийн хэмжээнээс бараг 3.5 дахин их) мөнгө цутгах нь та бидний адгуусан зөнг дахиад хэдэн улирал торгоож дөнгөх нь дөнгөнө. Гэхдээ үүнийг Холбооны нөөцийн тайлан тэнцэл багасах үр нөлөө (2018 оны дунд үеэр л мэдэгдэнэ), бодлогын хүү өсөх магадлал хоёртой уялдуулж явах ёстой. Энэ хоёр хүчин зүйл л туйлдаа тулчхаад байгаа компанийн өрийн хөөсийг хагалж, сул тоглогчдыг зайлуулан, эдийн засагт засвар оруулах хөшүүрэг болох юм.
“Компаниудын өр тун түгшүүртэй. Зээлийн зардал жишээ нь 3-5 хувь биш 5-7 хувь болчих юм бол компаниуд, зах зээлийн ааш аяг тэс өөр болох байх” хэмээн BNP Paribas- ийн ахлах эдийн засагч Бриклин Дуайер өгүүлж байна.
Энэ оны эцэс гэхэд зах зээлд засвар орно гэж үзвэл чухам хаанаас орж таарах вэ. Би хувьдаа технологийн салбараас л болов уу гэж таамаглаж байгаа. Өнгөрсөн онд дэлхийн үнэт цаасны зах зээлийн гол хөдөлгөгч хүч байсан технологийн салбарын бизнес загвар нь хөнгөн зохицуулалтад суурилдаг. Гэтэл энэхүү хөнгөн зохицуулалт ч хувирах төлөвтэй.
Дараагийн хэдэн улиралд Европын холбоо анхаарлаа хандуулах хэд хэдэн чухал зүйл бий. Үүнд, шударга бус өрсөлдөөнтэй холбогдуулан гаргасан (өрсөлдөгч нар нь сул хэмээн чамласаар байгаа) дүрэм журмуудыг нь дагаж мөрдөхөөр Google-ээс гаргаж буй хүчин чармайлт, биткоины арилжаанд тавих хяналт, улс тус бүрээс сөхсөн FANG буюу Facebook, Apple, Netflix, Google-ыг хамарсан монополийн эсрэг хэрэг, ОХУ-аас олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашиглан сонгуульд нөлөөлснийг гэрчлэх шинэ баталгаа зэргийг дурдаж болно. Эцэст нь өгүүлэхэд өгөгдөл гээч зүйл дижитал эриний хамгийн үнэтэй таваар, шинэ төрлийн газрын тос болж хувирлаа. Өгөгдөлд хяналт тогтоож чадсан нь энэ онд төдийгүй цаашдын олон жилд ялагч байх болно.
Рана Фүрүхар