“Буянт-Ухаа 1” хороололд дараах иргэд захиалга өгч орох эрхтэй
Үүнд төрийн албан хаагч/төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг/
Ахмад настан/60 ба түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэй Монгол Улсын иргэнийг/
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн/төрөлхийн болон удамшлын эмгэг өөрчлөлт, эсхүл осол, гэмтлийн улмаас сэтгэц, оюун ухаан, мэдрэхүй чадавхи нь алдагдсан, түүнчлэн бие эрхтэн нь гэмтсэнээс хөдөлмөрлөх, бие даан амьдрах боломж нь хязгаарлагдсан хүнийг/
Залуу гэр бүл/албан ёсны гэрлэлтийн баталгаатай, 35 хүртэлх насны эхнэр, нөхөр хоёрыг/ зэрэг иргэд, залуу гэр бүлүүд орон сууцны хөнгөлөттэй зээлэнд хамрагдах юм.
Ашиглалтад орж бэлэн болсон 1764 айлын нийт орон сууцны 60 хувьд төрийн албан хаагчдыг, 40 хувьд нь ахмад настан, залуу гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн захиалгыг авч оруулах ажээ. Мөн “Төрийн орон сууцны корпораци”/ТОСК/ ТӨҮГ-аас ирэх гуравдугаар сарын эхнээс орон сууцны бүртгэл, захиалгыг авч эхэлнэ гэж мэдэгдээд байгаа юм.
Тавигдах шаардлагыг сонирхуулахад,
Засгийн газраас баталсан журмын дагуу орон сууц худалдан авахаар хүсэлт гаргаж байгаа төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэд/өндөр настан, залуу гэр бүлүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд/ дараах шаардлагыг хангасан байх байх шаардлагатай юм.
Үүнд:
Монгол Улсын иргэн байх,
Анх удаа орон сууц худалдан авч байгаа,
Төрийн болон аж ахуй нэгж байгууллагад хоёроос доошгүй жил ажиллаж нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөн, эсхүл хоёроос доошгүй жил хувиараа нийгмийн даатгалын шимтгэл тасралтгүй төлсөн,
Банк, санхүүгийн байгууллагад чанаргүй зээлийн өргүй байх,
“4000 төрийн албан хаагчийн зээл”, “Иргэдийг жилийн зургаан хувийн хүүтэй зээлд хамруулах харилцааг зохицуулах журам”, “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам” буюу жилийн найман хувийн хүүтэй зээл зэрэг зээлд хамрагдаж Засгийн газраас хэрэгжүүлсэн зээлийн хүрээнд орон сууцны зээл аваагүй байх,
Орон сууцны үлдэгдэл төлбөрийг төлөхөөр банкны зээл авахад банк, санхүүгийн байгууллагаас холбогдох журмын дагуу зээлдэгчид тавигдах нөхцөл, шалгуурыг хангасан байх,
Захиалгын гэрээ байгуулж орон сууц худалдан авч байгаа төрийн албан хаагч болон зорилтот бүлгийн иргэд нь байрны үнийн 30-аас доошгүй хувийг урьдчилж төлөх бөгөөд үлдэгдэл төлбөрийг банк болон банк бус санхүүгийн байгууллагын орон сууцны зээлээр төлөх зэрэг шаардлагыг бүрэн хангасан иргэд метр квадрат нь 1.280 сая төгрөгийн үнэтэй орон сууцанд захиалга өгөх боломжтой болох юм.
Мөн төрийн байгууллага нь тухайн байгууллагад хуваарилагдсан квотын тоонд багтаан, журамд заасан байр худалдан авах иргэдэд тавигдах нийтлэг шаардлагыг хангасан, орон сууц худалдан авах ажиллагсдыг дотооддоо шалгаруулж, нэрсийг ТОСК-д албан ёсоор ирүүлэх юм. Харин өндөр настан, залуу гэр бүлүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хуваарилагдсан орон сууцны талбайн хэмжээ, тоо ширхэгийг ТОСК өөрийн цахим хуудсаар зарлах юм байна.
15 жилийн турш худалдахгүй бас түрээслэхгүй
Ашиглалтад ороод байгаа болон цаашид барьж ашиглалтад өгөх орон сууцыг квотоор хувиарлаж иргэдэд худалдаална. Мөн иргэд худалдан авсан байраа ашиг олох зорилгоор бусдад түрээслүүлэх, 15 жилийн хугацаанд худалдахгүй байх үүргийг хүлээх юм. Хэрэв энэ хугацаанд заавал худалдах шаардлага гарвал зөвхөн Төрийн орон сууцны корпорациас зах зээлд нийлүүлж байгаа орон сууцны тухайн үеийн нэгж метр квадратын үнэ ханшаар буцаан борлуулах юм байна.