Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн талаар танд хүргэж байна. / 2014.06.24-2014.06.30 /
Сангийн сайд Ч.Улаан: Цөөнх бол олонхийн бодлогыг дагах ёстой. Энэ хувь заяатайгаа эвлэрэх хэрэгтэй
Төсөв 300 гаруй тэрбум төгрөгийн тасалдалтай байна. Тэгэхээр зарлага санхүүжүүлэх төсөв байхгүй болчихож байна. Зарлагийг хоёр эх үүсвэрээс санхүүжүүлдэг шүү дээ. Орлогоор эсвэл зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг. Гэтэл өөрийн эх үүсвэр бодитоор буурчихлаа. Тийм учраас зарлагаа хорогдуулахаас өөр аргагүй байна. Нөгөө талдаа санхүүгийн эх үүсвэр нэмж дайчлах, улсын өр нэмэгдүүлэх боломж алга. Энэ тал дээр хатуу хязгаар тавьчихлаа. Тэгэхээр одоо орлогодоо тааруулж зарлагаа багасгана гэсэн үг. / Өдрийн сонин 2014.06.24/
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Даргын хүүхэд төрийн машин унаж байхад эдийн засагт яаж хэмнэлт гарах юм бэ
Аудитын газраас гаргасан автомашин унах эрхгүй 222 төрийн албан хаагчийн жагсаалтыг тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол намайг Боловсрол, соёл шижлэх ухааны сайд байхдаа унаж байсан машиныг одоо энэ яамны барилга захиалагчийн албаны даргын хүүхэд унаж явна. Төрийн алба маш их данхайж байна. Тухайлбал, БСШУЯ 60 албан хаагчтай байсан бол БШУЯ болсноор 801 гаруй албан хаагчтай болжээ. Харин ССАЖЯ 60 гаруй албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа эрхэлдэг болсон. Энэ мэт зүйлийг анхаарахгүй бол эдийн засагт хэмнэлт гарахгүй. /Монголын үнэн 2014.06.27/
Монгол улсын ерөнхийлөгчийн хүний эрх, хуулийн зөвлөх Ч.Өнөрбаяр: Шилэн данс бол нийгмийн захиалга
Шилэн дансны хууль бол нийгмийн захиалга. Хүмүүст ямар нэртэй хууль байх нь чухал биш. Гол нь төлсөн татвараа хаашаа орсныг, ямарваа нэг албан тушаалтан түүнийг юунд зарцуулсныг, үр ашиггүй зарцуулалт хийсэн эсэхийг л сонирхдог. Шилэн дансны хууль санхүүгийн сахилга батыг сахиулахад маш чухал үүрэгтэй. Иргэд зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй, эргэлзэж буй шийдвэр, төсвийн хөрөнгийн зарцуулалтын талаар Аудитын газраас шалгуулсан асуудлынхаа үндэслэлтэй эсэх талаар хариу авах боломжтой болгож байгаа нь чухал юм. /Өнөөдөр сонин 2014.06.25/
Нийслэлийн засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч дарга Н.Батаа: “Нийслэл” бонд гаргах асуудлыг удахгүй батлах байх
“Нийслэл” бонд гаргах асуудал төлөвлөгөөнд байдаг. Тиймээс бонд гаргах бүрэн хангасан гэж хэлж болно. Бонд гаргах журмаа ИТХ-д өргөн бариад бэлэн болсон байгаа. ИТХ ойрын хугацаанд батлах байх. Гэхдээ хотод бонд гаргах санхүү, эдийн засгийн нөхцөл бүрдэхгүй байна. Учир нь Монгол улсын зээлжих эрх буураад байна. Өнгөрсөн жил Чингис бондын зээлийг гаргахад жилийн 5 -6 хувийн хүүтэй гаргаж байсан бол өнөөдөр 11- 12 хувийн хүүтэй гаргахаас өөр аргагүй болоод байна. Улаанбаатарын зээлжих зэрэглэлийг тогтоохдоо улсаас нь доогуур тогтоодог. Хэрвээ тэгвэл зээлийн хүү улам өндөр болдог. Тиймээс өнөөдөр тийм өндөр хүүтэй бондыг гаргаад зээлжиж, санхүүжилт авах шаардлага байхгүй байна. /Улстөрийн тойм 2014.06.24/
“Сэргэн мандалт” группийн үүсгэн байгуулагч Б.Төмөрчулуун: Эдийн засгийн өсөлтөд хувийн хэвшлийн оролцоо чухал
Бид Монгол улсын тусгаар тогтнол, нэр хүнд, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаагаар дэлхийн зах зээлээс мөнгө босгосон. Үүнийг буруутгахгүй. Мөнгөний хэмжээний тухайд манай улсад цаг үеэ олсон хөрөнгө байсан. Энэхүү хөрөнгийг Засгийн газар хэнээс ч асуухгүйгээр өөрийн дураар зарцууллаа. Одоо Чингис бондын мөнгөний 50 хувь үлдсэн хэмээн ярьж байна. түүнчлэн хувийн хэвшлийнхэн маш чухал болж буйг хүн бүр ярьж байна. Тэгвэл яагаад арилжааны банкуудтай санамж бичиг зураад байгаа юм бэ. Тэд бидэнд итгэхгүй байгаагийн илрэл гэж харж байна. Бид ачаа үүрэлцэж яваагийн хувьд тэрхүү хөрөнгөөс авах эрхтэй болдог. Учир нь бид эргүүлээд хүүтэй нь төлнө. Тийм учраас улсын баяр наадмаас өмнө аж ахуйн нэгжүүдийг зээлийг яаралтай гаргах хэрэгтэй байгаа юм. Ярьсаар байтал улиг домог боллоо. Бидний эргэн төлөлтөөр манай улсын мөнгөний ханш тодорхойлогдох юм.
Сэтгүүлч: Цөөнхийн бүлгийнхэн “Эзэн-100” хөтөлбөрийг ингэж дүгнэлээ
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар “Эзэн-100” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд гишүүдэд мэдээлэл өглөө. Эдийн засгийг эрчимжүүлэхийн тулд шаардлагатай 29 хуулийн төслийг Засгийн газраас өргөн барьж төсвийг нь батлуулсан байна. Түүнчлэн Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан зөвлөл долоо хоногт хоёр удаа хуралдан яаралтай авах арга хэмжээний талаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлж байгааг тэрбээр хэллээ. Төрийн байгууллагын төсвийн урсгал зардлыг 20-30 хувиар бууруулж, 38 тэрбум төгрөг хэмнээд байгаагаа гүйцэтгэх засаглалын тэргүүн дуулгасан. Түүний дараа МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр сонордууллаа. Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөр уран үгээс цаашгүй үр дүн муутай байгааг шүүмжлэв. Засгийн газраас өргөн барвсан “но”-той зарим хуулийн төслүүдийн талаар ч бүлгийн дүгнэлтэнд багтаажээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг “100 хоногийн дотор ид шидийн юм бүтээгдэхгүй” гэж хариуцлагаас бултахын оронд бодит байдалд дүгнэлт хийх цаг аль хэдийнээ болсныг цөөнхийн бүлгийнхэн санууллаа. /Монголын үнэн 2014.06.23/