Дэлхийн банк 120 сая ам.долларын санхүүжилт өгөхөөр болжээ
Дэлхийн банкны захирлуудын зөвлөл хуралдаж манай улсыг өрийн тогтвортой байдлыг сэргээж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг сайжруулахаар ажиллаж байгааг дэмжин 120 сая ам.долларын санхүүжилт өгөхөөр шийдвэрлэжээ.
Энэ талаар Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон “Тус хөтөлбөр Монгол Улсын эдийн засгийг эрүүл, зөв замд оруулахад чиглэсэн Засгийн газрын олон арга хэмжээг дэмжиж байгаа юм” хэмээн онцолсон байна. Энэхүү 120 сая ам.долларын дэмжлэг ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд олгож байгаа Засгийн газрын өрийг тогтворжуулан, нийгмийн хамгааллыг бэхжүүлэхэд туслах арга хэмжээ бололтой.
Мөн “Монгол Улсад 2014-2016 оны хооронд ядуурал огцом өссөн нь эдийн засгийн хямралын үед нэн ядуу иргэдийг хамгаалах бат бөх тогтолцоо хэрэгцээтэй байгааг сануулж байна. Энэхүү хөтөлбөрт тэтгэврийн тогтолцоог илүү тогтвортой байлгахад чиглэсэн шинэчлэлийн арга хэмжээ багтсан” гэжээ.
Хөгжлийн бодлогын санхүүжилтийн үйл ажиллагаа нь Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын тодорхой арга хэмжээг дэмжиж, ирэх жилүүдэд хэрэгжүүлэх шинэчлэлийн хөтөлбөрийн суурийг тавих гэнэ. Бодлогын шинэчлэл нь ядуурлыг бууруулахад хувь нэмэр оруулах хөгжлийн тодорхой үр дүнг дэмжихэд чиглэсэн байх аж.