48 төслийг бодлогын ач холбогдлоор нь эрэмбэлэн нэгтгэж Хөгжлийн банкинд хүргүүлжээ
Монгол Улсын Засгийн газрын 2014 оны дөрөвдүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар “Экспортыг дэмжих, импортыг орлох төслүүдийн тухай” хэлэлцээд Эдийн засаг хөгжлийн яам, Хөгжлийн банк, салбарын яамд хамтран төслүүдийг салбарын холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан холбогдох яамд дээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэлцүүлэхээр тогтсон. Үүний дагуу уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр боловсруулсан экспортыг дэмжих, импортыг орлох төслүүдийн 3 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.
Хэлэлцүүлэгт Уул уурхайн салбарт Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлэхээр санал болгож буй төслүүдийг төсөл санаачлагч компаниуд танилцуулж, Хөгжлийн банк, ЭЗХЯ, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, ШУТИС-ийн Геологи газрын тосны сургууль, Уул уурхайн сургууль, Уул уурхайн хүрээлэн, Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монголын химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбоо, “Ган нэгдэл”, Монголын металлургичдын холбоо, Газрын тосны хайгуул олборлолтын ассоциаци, Монгол нүүрс ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага, Геологийн төв лабораториин төлөөллүүд оролцов. Ажлын хэсгийн 4 дэх хуралдаанаар төслүүдийг 4 ангилан, ажлын хэсгийн гишүүд болон дээрх байгууллагуудын төлөөлөл бүхий 4 дэд ажлын хэсэгт хугацаатай үүрэг өгч, нийт 48 төслийг бодлогын ач холбогдлоор нь эрэмбэлэн нэгтгэж Хөгжлийн банкинд хүргүүлээд байна.