СЗХ: Банкнаас бусад санхүүгийн салбарын зээлийн сарын ДУНДАЖ ХҮҮ 3.4 хувьтай байна
Монголд нийт зах зээлийн 95 хувь нь арилжааны банкуудад, 5 хувь нь бусад санхүүгийн салбарт харьяалагдаж байна
Санхүүгийн Зохицуулах Хорооноос өнөөдөр банкнаас бусад санхүүгийн салбарын 2017 оны III улирлын статистикийг танилцууллаа.
Монголд нийт зах зээлийн 95 хувь нь арилжааны банкуудад, 5 хувь нь бусад санхүүгийн салбарт харьяалагдаж байна. Сүүлийн таван жил буураад буй Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ энэ оны III улиралд сэргэж өмнөх үетэй харьцуулахад 695.5 тэрбум төгрөгөөр өсөж, 2 их наяд 83.1 тэрбум төгрөгт хүрчээ. Уг өсөлтөд үндэсний томоохон компаниудын үнийн өсөлт голчлон нөлөөлсөн байна. Монголын Хөрөнгийн Биржийн Топ-20 индекс өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 хувь өссөн бол MSE All индекс 29 хувиар өсжээ.
2017 оны III улиралд Хадгаламж зээлийн хоршоодын нийт активын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 31.2 хувиар, өнгөрсөн улирлаас 10 хувиар өсч 142.7 тэрбум төгрөгт хүрчээ.
Харин Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын нийт хөрөнгө өмнөх оны мөн үеийнхээс 25.1 хувиар өсөж 906 тэрбум төгрөгт хүрсэн байна.
Банкнаас бусад санхүүгийн салбарын нийт зээлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад 32.3 хувиар өсөж 592.4 тэрбум төгрөг болсон байна. Зээлийн сарын дундаж хүү 3.4 хувь болсон нь өмнөх улирлаас 0.1 функтээр буурсан үзүүлэлт болжээ.