Ирэх оноос татварын орлого 10.7 хувиар нэмэгдэнэ
2018 оны Төсвийн төсөлд тусгаснаар ирэх онд татварын орлого энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээс 607 тэрбум төгрөг буюу 10.7 хувиар өсөхөөр байна. Энэ нь орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл болон НӨАТ-ын орлогын өсөлтөөс хамаарахаар байгаа юм. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөрийн хүрээнд энэ онд долоон төрлийн татварын хэмжээг нэмэгдүүлэхээр хуульчилсан байна.
Ингэснээр ирэх оноос эхлэн архи, тамхины онцгой албан татвар, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхээр байгаа юм. Хуулийн өөрчлөлтийн хүрээнд хувь хүний орлогын албан татварын цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод 2018 оны нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн 10-25 хувиар татвар ногдуулна. Ялангуяа өндөр орлоготой иргэдийн татварын ачаалал нэмэгдэхээр байгаа аж. Тухайлбал, сарын 2.5 сая төгрөгийн орлогод 11.2 хувиар, дөрвөн сая төгрөгийн орлогод 15.1 хувийн татвар ногдох юм.
Түүнчлэн хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийн хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх шийдвэрийг гаргаад байна. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт одоогийн хуулиар 84.0 мянган төгрөг байгааг 2018 онд 120.0 мянган төгрөг, 2019 онд 160.0 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх юм. Одоогоор 900 мянга орчим татвар төлөгч бүртгэлтэй байгаа ажээ. Ирэх онд нийт татвар төлөгчдийн 95 орчим хувь нь 10 хувиас бага татвар төлөхөөр, үлдэх тав орчим хувь нь 10 хувиас дээш татвар төлөхөөр байна.
УИХ энэ оны дөрөвдүгээр сард Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, тавдугаар сарын нэгний өдрөөс эхлэн иргэдийн мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулахаар шийдвэрлэсэн юм. Татварын арга хэмжээний дүнд хувь хүний хөрөнгийн орлогод ногдуулах татварын орлого 2017 онд 46.0 тэрбум төгрөг, 2018 онд 67.0 тэрбум төгрөг болохоор байна.
Э.Анхбаяр