Монгол Улсын гадаад валютын албан нөөц ХОЁР ТЭРБУМ ам.доллар давлаа
Шинээр гаргасан бондын санхүүжилт 11 дүгээр сарын хоёронд орж ирснээр гадаад валютын албан нөөц хоёр тэрбум ам.доллар давсан талаар Монголбанк мэдээллээ. Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээлээс санхүүжилт босгох хэлэлцээрийг амжилттай хийж, 5.625 хувийн хүүтэй 5.5 жилийн хугацаатай, 800 сая ам.долларын бонд гаргасан юм. Төв банкны мэдээлснээр сүүлийн нэг жилийн хугацаанд гадаад валютын албан нөөц тогтмол өсөж байна. Олон Улсын Валютын Сангийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс гадна түүхий эдийн үнэ өссөн зэрэг хүчин зүйлүүд үүнд нөлөөлж байгаа юм. Тухайлбал, зэс, нүүрсний үнэ олон улсын зах зээлд өссөнөөр экспортын хэмжээ энэ оны есдүгээр сард 32 хувиар өссөн байна. Үүнээс гадна Олон Улсын Валютын Сантай хамтарч хэрэгжүүлж байгаа “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд Монгол Улсад итгэх хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдсэн гэж дүгнэж байна. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд тохирсон 5.5 тэрбум ам.доллараас эхний шатны санхүүжилтүүд орж ирээд байгаа юм. Уул уурхайн салбарын ид өсөлтийн үе буюу 2012 онд гадаад валютын албан нөөц дөрвөн тэрбум ам.долларт хүрч байжээ.