“Гэрэгэ“ бондын ханш 100.33 ам.доллар хүрэв
Шинээр гаргасан "Гэрэгэ" бондын ханш баасан гарагийн байдлаар дөрвөн центээр чангарч 100.33 ам.долларт хүрлээ. Сангийн яамны мэдээлснээр бондын хэмжээнээс худалдан авах санал нь долоо дахин өндөр байсан.
Дийлэнх Засгийн газрын бондын хувьд захиалга гурав дахин өндөр байвал амжилттайд тооцдог гэдгийг Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын Зах зээл, даатгалын хэлтсийн дарга Н.Мандуул онцолж байсан. Мөн энэ бондын амжилтад тулгуурлан бусад бондын хүүг буулгах боломжтой гэж харж байгаа аж. Нээлттэй мэдээллээр "UBS" групп 300 нэгж бонд худалдан авчээ. Харин 2024 онд эргэн төлөгдөх хуваарьтай "Хуралдай" бондын ханш оргил түвшиндээ тун ойрхон хэлбэлзэж байна. Өмнөх Засгийн газрын үеийн оргил ханш болох 113.9 ам.доллараас давж энэ долоо хоногийн эхэнд түүхэн дээд түвшин 114.9 ам.долларт хүрсэн. Энэ өсөлтөд "Гэрэгэ" бондыг гаргаснаар хөрөнгө оруулагчдын итгэл сэргэсэн нь голлон нөлөөлсөн байгаа юм. Харин өнөөдрийн байдлаар даваа гарагийн ханшаасаа бага зэрэг доошилж 114.54 ам.долларт тогтсон байна.