Импорт 27.9 хувиар өсөж, 3.1 тэрбум ам.долларт хүрэв
2017 оны эхний есөн сард Монгол Улсын импорт 27.9 хувиар өсөж, 3.1 тэрбум ам.долларт хүрсэн байна.
. Үүнээс эрдэс бүтээгдэхүүний импорт хамгийн өндөр дүнгээр буюу 235 сая ам.доллараар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ. Үүнээс хувьчилсан дүнгээр дизель түлшний үнэ хоёр дахин өсөж, 323 ам.долларт хүрсэн байна. Нийт импортын өсөлтийн дийлэнх хувийг уул уурхайн салбарт хийгдэж буй бүтээн байгуулалт болон онцгой албан татварын өсөлтийн нөлөөгөөр нэмэгдсэн машин, тоног төхөөрөмж, нефтийн бүтээгдэхүүний импорт эзэлж байгаагаар тайлбарлаж байна. Үүнээс гадна түргэн эдэлгээтэй хэрэглээний бүтээгдэхүүн болон барилгын материалын импорт өмнөх оны мөн үеэс өсөлттэй байгаа аж. Дотоодын үйлдвэрлэлийн идэвхжил сэргэж, татварын суурь нэмэгдэж байгаагаас гадна импорт, ялангуяа машин механизм, тоног төхөөрөмжийн импорт ийнхүү өсөж байгаатай холбогдуулан 2013 оны сүүлчээс хойш уналттай байсан бүтээгдэхүүний цэвэр татвар сүүлийн гурван улиралд эрчимтэй нэмэгдэж, тайлант улиралд өмнөх оны мөн үеэс 24.0 хувиар өсжээ. Түүнчлэн, импортын өсөлттэй уялдан импортын зориулалттай төмөр замын ачаа эргэлт өнгөрсөн улиралд өмнөх оны мөн үеэс 37.1 хувиар нэмэгдэж, тээврийн салбарын өсөлтөд эерэг нөлөө үзүүлсэн байна.