Эдийн засгийг энгийнээр - Бодлогын хүү гэж юу вэ?
Төв банкууд үндсэн гол зорилт болох инфляци буюу үнийг тогтвортой байлгахын тулд ашигладаг нэг гол арга хэрэгсэл нь Бодлогын хүү юм. Бодлогын хүүг арилжааны банкууд төв банкинд мөнгөө хадгалуулах хүү гэж ойлгож болно. Монголбанкны хувьд, энэ нь 7 хоногийн хугацаатай төв банкны үнэт цаасны хүү байдаг. Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл жилд 4 удаа хуралдаж, Бодлогын хүүг өөрчлөх эсэх шийдвэрийг гаргадаг.
Төв банк хэзээд хадгалуулсан мөнгийг эргүүлж төлөх чадвартай гэдэг утгаараа бодлогын хүүг эрсдэлгүй хүү ч гэж нэрлэдэг. Энэхүү эрсдэлгүй хүүтэй харьцуулагдаж зах зээл дээрх бусад арилжааны хүү тогтдог учир бодлогын хүүг хөтөч хүү, эсвэл жишиг хүү гэж нэрлэх нь бий.
Бодлогын хүүг өөрчлөх замаар төв банкууд эдийн засагт эргэлдэж буй мөнгөний нийлүүлэлтийг удирдаж, эдийн засаг хэт халах эсвэл удаашрахаас сэргийлж, эцсийн дүндээ үнийг тогтвортой байлгахыг зорьдог. Энэ нь нийгмийн сайн сайхан байдлыг хамгийн их байлгахад төв банкны зүгээс оруулах чухал хувь нэмэр юм.
Бодлогын хүү өндөр үед арилжааны банкууд эрсдэлтэй зээл олгож эрсдэл үүрэхийн оронд төв банкинд мөнгөө найдвартай хадгалуулах, эсвэл зөвхөн өндөр хүү төлөх зээлдэгчид л арилжааны зээл олгох нь түгээмэл. Улмаар эдийн засагт нийлүүлэгдэж буй мөнгөний эргэлт удааширдаг. Харин бодлогын хүү буурах үед банкууд мөнгөө төв банкинд хадгалуулснаас иргэд, компаниудад зээлэх нь ашигтай тул эдийн засаг руу орох мөнгөний урсгал нэмэгддэг.
Бодлогын хүү нь ийнхүү арилжааны банкуудын зээлийн шийдвэрээс гадна, зах зээл дээрх хөрөнгийн үнэ, валютын ханш, зах зээлд оролцогчдын хүлээлт зэрэг бусад сувгуудаар ч дамждаг бөгөөд улмаар эдийн засагт тодорхой цаг хугацааны хоцрогдолтойгоор нөлөөлдөг. Хамгийн их нөлөө нь Бодлогын хүүг өөрчилснөөс 4-6 улирлын дараа илэрч, харин нөлөө нь бүрэн арилтлаа 2-3 жил шаардагдах тохиолдол ч бий. Иймд төв банкуудын Мөнгөний бодлогын зөвлөл Бодлогын хүүгээ өөрчлөхдөө үргэлж урагш харж, ирээдүйд чиглэсэн шийдвэр гаргахыг зорьдог байна.