Эдийн засгийн харилцааны ЭХЛЭХ ЦЭГ
Орос, Монголын хил орчмын харилцаа эртний уламжлалтай. Анх 1689 онд Монгол, Оросын худалдааг зохицуулах зорилгоор “Нэрчүүгийн гэрээ” (“Нерчинский договор”)-г баталж байв. Мөн 1990-ээд оны эхэнд хоёр улсын хооронд чөлөөтэй хөрвөх валют байхгүй болж, эдийн засгийн харилцаа бараг тасраад байхад Монголын хил орчмын аймаг, ОХУ-ын Сибирийн бүс нутагтай бартерын зарчмаар худалдаа явуулж байлаа.
Энэ утгаараа хил орчмын худалдаа нь цаашид хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх бааз суурь болох учиртай. Хил орчмын худалдаа Орос, Монголын худалдааны эргэлтийн 70 хувийг эзэлдэг. Үүнээс Эрхүү муж 55 хувийг, Бүгд найрамдах Буриад улс 10 хувь, Өвөрбайгалийн хязгаар 1,1 хувь, Алтайн хязгаар 3 хувийг тус тус эзэлж байна. Түүнчлэн Бүгд найрамдах Тува улс, Новосибирск болон Омск муж Монголын аймгуудтай идэвхтэй хамтран ажилладаг.
Орос, Монголын хил орчмын худалдааны эрх зүйн үндсийг дараах хоёр үндсэн баримт бичиг бүрдүүлдэг. Үүнд 1993 оны “Хилийн боомт болон Монгол-Оросын улсын хилийг хялбарчилсан журмаар нэвтрэх тухай ОХУ, Монгол Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”, “Монголын аймаг болон ОХУ-ын муж, Бүгд найрамдах улс, хязгаарын хилийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” гэсэн хоёр үндсэн баримт бичиг ордог.
2014 оны 11 дүгээр сард Орос, Монгол хоёр улс визийн горимыг хөнгөвчилсөн нь хоёр улсын худалдаанд том өөрчлөлт дагуулав. Энэ шийдвэр гарснаас хойш хоёрхон сарын дотор Алтанбулаг, Хиагтын боомтоор хил нэвтэрсэн иргэдийн тоо хоёр дахин нэмэгджээ. Улмаар 2015 оны дунд үе гэхэд 373 мянга болж, 2014 оны мөн үеийнхээс 218 мянгаар өссөн байна.
Нэгэн сонирхолтой баримт дурдахад визийн горим хөнгөвчлөх Монголын талаас худалдан авагчдын урсгал нэмэгдсэнээр Бүгд найрамдах Буриад улсын худалдааны салбар 2015 онд эрс өсч, бараа эргэлтийн хэмжээгээр Сибирийн холбооны тойрогтоо эхний байр эзэлсэн тухай Буриадын Эдийн засгийн яам мэдээлж байв. 2015 онд Буриадын худалдааны эргэлт 122 тэрбум рубльд хүрсэн нь 2014 оныхоос даруй 20,5 тэрбумаар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн Монголын худалдан авагчид, Буриадын бөөний болон жижиглэнгийн худалдааны салбарт ажиллагчдын тоо 20 хувиар өсөхөд нөлөөлжээ.
Хэдийгээр хандлага эерэг байгаа ч шийдэх асуудал цөөнгүй бий. Тухайлбал, Орос, Монгол улсад хил орчмын худалдааг зохицуулдаг хууль эрх зүйн орчин сул байгаа нь худалдааны чөлөөт урсгал бий болоход саад болж байна. Түүнчлэн худалдааг либералчлах, хөрөнгө, үйл ажиллагааг харилцан дэмжих, хамтарсан аж ахуйн газруудын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх шаардлага байгааг судлаачид тэмдэглэж байна.
Аялал жуулчлал – ашиглаагүй боломж
Аялал жуулчлал нь хэдийгээр үйлчилгээний салбар боловч өөрийн гэсэн бүтээгдэхүүн, түүхий эд гэж бий. Энэ утгаараа манай хоёр улс дундаршгүй нөөцтэй. Орос, Монгол орон нь жуулчдын жинхэнэ диваажин. Оросын байгалийн олон янз байдал, Монголын байгалийн онгон төрх, нүүдэлчин хүн ардын амьдралын өвөрмөц хэв маяг бол дэлхийд өөр хаана ч байхгүй аялал жуулчлалын чанартай бүтээгдэхүүн гаргах бэлэн түүхий эд юм.
Гайхамшгийн цуглуулга гэж болохоор Оросын уудам газар нутагт очих газар олон. Зөвхөн Транссибирийн төмөр замаар аялахад л ямар ч жуулчин үрсэн мөнгөндөө харамсахааргүй. Гэвч Монголоос Оросыг чиглэсэн жуулчдын урсгал Буриад, Эрхүү мужаар хязгаарлагдаж байна. Монголчууд Итгэл хамбад мөргөж, улмаар Байгаль нуурын эрэгт амарч, буцахдаа Улаан-Үд хотын “Титан”, “Абсолют” зэрэг сүлжээ дэлгүүрт “шоппинг” хийдэг. Манай жуулчдын ОХУ-д аялдаг маршрут ердөө л энэ.
Монголыг зорих орос жуулчдын тоо бүр бага. Визийн горим өөрчлөгдсөн ч Монголд аялах орос жуулчдын тоо төдий л нэмэгдсэнгүй. Голдуу Эрхүү, Буриад, Читийн чинээлэг иргэд Монголд аялахаар ирдэг. Тухайлбал, Эрхүү мужийн баячууд Буриадын Түнхэний районоор дамжин Хөвсгөл далайд очин загасчилж, Монголын тал нутгаар автомашин, эсвэл мориор, явган аялдаг.
Өнөөдөр оросуудын хувьд Монголд аялах нь Европт аялснаас илүү үнэтэй байна. Үүнд голлон нөлөөлдөг хүчин зүйл бол нислэгийн өртөг. Гадны жуулчдыг татахын тулд Монгол Улс иргэний агаарын тээврийн салбарын бодлогоо либералчилж, гадны нислэгийн компаниуд Монголын зах зээлд ажиллах боломж олгох хэрэгтэй гэдэгтэй эдийн засагчид санал нийлдэг. Нислэгийн үнэ хямдарвал жуулчдын тоо нэмэгдэхэд шийдвэрлэх нөлөөтэй. Орос, Монголын хувь нийлүүлсэн УБТЗ-ын хувьд ч жуулчдыг урин дуудсан нээлттэй бодлого явуулах шаардлагатай болж байгаа юм.
Дараагийн нэг чухал алхам бол Оросын жуулчдад Монголын аяллыг сурталчлах. Өнөөдөр Улаан-Үдийн чиглэлийг эс тооцвол Монголын аяллыг санал болгодог Оросын туроператоруудын тоо нэн цөөн. Сибирийн зарим том хотод монгол аялалд зуучилдаг цөөн тооны туроператор байдаг ч Москва, Санкт-Петербург, Казань зэрэг эдийн засгийн төв болсон хотуудад Монголын чиглэлд аяллын бүтээгдэхүүн санал болгодог компани байхгүй.
Оросын жуулчдыг татахад хийх ажил их. Нэгдүгээрт, мэдээлэл түгээх. Орчин үеийн оросууд, ялангуяа залуу үе Монголын талаар тун маруухан төсөөлөлтэй байдаг. Тиймээс эн түрүүнд аяллуудаа төрөлжүүлж, жуулчдад өргөн сонголт санал болгох хэрэгтэй. Байгалийн болон түүх дурсгалын аяллын төрөлд гол гол маршрутыг тодорхойлж, аяллын зам дагуу жуулчдын тав тухыг хангасан дэд бүтцийг хөгжүүлэх хэрэгтэй. Монголын өргөн уудам нутаг говь, хангай, Тэрэлж, Хөвсгөл, Хархориноос өөр жуулчдын нүд баясгах олон газар бий. Тухайлбал, Улаанбаатараас холгүй орших Аглаг бүтээлийн хийдээс эхлээд Говь гурван сайхан, Тэрхийн цагаан нуур, Их, Бага газрын чулуу, Хэрмэн цав, Хонгорын элс, Их нууруудын хотгор зэргийг дурдаж болно. Хэрэв жуулчид нүүдэлчин амьдралын хэв маягийг биеэр мэдрэхийг хүсвэл малчдын отогт мал маллах, цагаан идээ боловсруулах үйлдвэрлэлийн үйл явцад оролцуулж, сургах үйлчилгээ үзүүлж болно. Гадны жуулчдын хувьд малчны хотонд сурсан зүйл нь гэртээ хариад гайхуулах хамгийн сайхан зүйл нь байдаг аж.
Түүнчлэн ОХУ-д бидний нийлүүлэх гээд байгаа монгол махны амтыг сурталчлах зорилгоор монгол махаар хийсэн хоолны фестиваль зохион байгуулах хувилбар ч байж болох юм. Үүнээс гадна улс орноо сурталчилсан соёлын эвент /үйл явдал/-ийн тоог нэмэх шаардлагатай. Гадны жуулчид ихээр ирдэг үе нь зөвхөн үндэсний баяр наадам байж таарахгүй. Энэ мэтчилэн жуулчин хүлээж авах хүчин чадлаа нэмэгдүүлэх цэгцтэй бодлого, ухаалаг менежмент үгүйлэгдэж байна.