Монголын даатгалын салбартай холбоотой сонирхолтой баримтууд
Даатгал үнэхээр хэрэгтэй юу? Юугаа даатгуулах ёстой вэ? Даатгуулахдаа ямар зүйлсийг анхаарах вэ? зэрэг асуултанд хариулт өгөхийг зорилоо.
1. Юуг даатгаж болох вэ?
Эрсдэл гэдэг хэзээ ч, хэнд ч учирч болдог. Даатгал гэдэг чухамдаа эрсдэлээс хамгаалах, сэргийлэх зорилготой зүйл. Та 500 төгрөг урьдчилж төлөөд, ирээдүйд 5000 төгрөг төлж мэдэх эрсдэлээ байхгүй болгохын нэр гэж товчхон тайлбарлаж болох байх. Тэгэхээр, эрсдэл гарч болох бүх зүйлийг даатгалын компаниуд даатгадаг. Дээхнэ үед Жей Ло биеийнхээ “алдарт хэсэг”-ийг төчнөөн сая доллараар даатгуулж гэнэ гэж бид шагширдаг байсан нь аргагүй ч юм шиг. Өдгөө Монголын компаниуд иргэд ба байгууллагын даатгал гэсэн үндсэн хоёр чиглэлд амь нас, эрүүл мэндийн даатгал, хөрөнгийн даатгал, хариуцлагын даатгал, жолоочийн хариуцлагын албан журмын даатгал, тээврийн хэрэгслийн даатгал, санхүүгийн даатгал, гэсэн төрлүүдээр даатгал хийж байна.
Ялангуяа байгууллагын даатгал нь Монголын даатгалын зах зээлийн дийлэнх хувийг эзэлдэг. Байгууллагын даатгал ямар хэрэгтэй вэ гэдгийг байгууллагын хариуцлагын даатгал дээр л жишээ авч ярихад хангалттай. Гурав дөрвөн жилийн өмнө хэдхэн хоногийн зайтай барилгын том ослууд болж, эрдэнэт хүмүүсийн амь нас сүйдэн, барилгын компаниудын үйл ажиллагаа ч “баларч” байсныг та бүхэн тодхон санаж байгаа байх. Иргэдийн хувьд зам дээр хоёр машин мөргөлдөхөд жолооч даатгалаа дуудан, асуудлыг элдэв маргаангүй шийдэж байгаа дүр зураг ажиглагддаг. Даатгал гэдэг өөрөө даатгуулагч, даатгагч хоёрт төдийгүй гуравдагч этгээдэд ч өгөөжөө өгдөг хэрэгсэл юм.
2. Даатгалын үнэ яаж тогтдог вэ?
Хүмүүсийн бас нэг түгээмэл асуудаг даатгуулах үнэ нь дараах хүчин зүйлсийн үндсэн дээр тогтдог байна:
1. Юуг даатгуулах вэ?
2. Даатгуулж буй зүйлийн үнэ, өртөг
3. Ямар ямар эрсдэлээс хамгаалах
4. Гарч болзошгүй хохирлын хэмжээ
5. Даатгуулагчийн өөрийн хариуцах хэсэг
6. Үйлчилгээний онцлог, давуу тал (Нөхөн төлбөрийн хугацаа гэх мэт)
Тун саяхан нийтлэлч Де Факто Д.Жаргалсайхан болон нэгэн даатгалын компанийн хооронд үүссэн маргаан сошиал медиа дээр хүмүүсийн анхаарлыг татаж байна. Энэ кэйсээс даатгал хийлгэхдээ ямар эрсдэлүүдээс хамгаалуулж байгаагаа нарийн нягтлах нь зүйтэй болохыг харж болно. Тэрчлэн манай даатгалын компаниудын санал болгодог даатгалын үнэ, төрөл нэлээд ойролцоо тул тухайн компанийн үйлчилгээг харгалзах нь чухал болов уу.
3. Монголын даатгалын салбар тоогоор
Монголын даатгалын зах зээлд 17 тоглогч байдаг нь жилийн 114 тэрбум төгрөгийн даатгалын хураамж хуримтлуулдаг, хөгжиж буй зах зээлд өндөр тоо юм. Энэ нь Монголын санхүүгийн зах зээлийн ердөө 1 хувь юм. Үүний 40 гаруй тэрбум төгрөг нь цаашаа гадаадын компаниудад давхар даатгал болдог гэхээр ердөө 68 тэрбум төгрөгийг манай компаниуд эргэлдүүлдэг байна. Даатгалын компаниуд яг даатгалын үйлчилгээнээсээ бол алдагдалтай ажилладаг ба харин ашгаа хөрөнгө оруулалтаас олдог аж.
Энэ тоо 2012 онд жолоочийн хариуцлагын даатгал албан журмынх болсноор 20 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэж өнөөгийн түвшиндээ хүрчээ. Өдгөө 570 мянган жолооч уг даатгалыг хийлгэсэн байдаг бол үзлэг, оношилгоонд орсон 480 мянган машины 9 хувь буюу 45 мянган машин л тээврийн хэрэгслийн даатгалтай байгаа нь олон улсын жишигтэй харьцуулахад тун бага дүн гэнэ. Одоогоор монгол хүмүүс даатгалын үр шимийг тэр бүр сайн ойшоохгүй, даатгал хийлгэж дадаагүйн дээр “Гандан” хэмээх том даатгагч байдаг болохоор тэр юм уу даатгуулагчид харьцангуй хязгаарлагдмал байгааг мэргэжилтнүүд онцолж байлаа. Ийм нөхцөлд хүмүүсийн хийлгэвэл зохих, тэдэнд ашигтай чухал даатгалуудыг жолоочийн хариуцлагын даатгал шиг нэлээд хэдэн жил албан журмынх болгоод, хүмүүс даатгуулж дадсаны дараа албан журмынх бус болгодог жишиг дэлхийн олон оронд байдаг байна.
СЗХ-ноос хяналт тавьдаг энэ зах зээлд компаниуд үндсэн үзүүлэлт болох нөөц сан, өөрийн хөрөнгийн хэмжээ, нөхөн төлбөр төлөлтийн харьцаа гэх мэт олон суурь үзүүлэлтээр өрсөлддөг. Хураамжийг зөв тооцоолж даатгаснаар даатгуулагчдийн ирээдүйд учирч болзошгүй эрсдэлийг хамгаалах мөнгөн сан бүрддэг. Сүүлийн үед компаниуд даатгалын хураамжаа бууруулан, бие биеийнхээ урдуур өрсөхийг эрмэлзэж байгаа нь нөхөн төлбөрийн хохирлын харьцаа болон чанаргүй даатгалыг нэмэгдүүлэх эрсдэлтэй тул даатгуулагчдад ч, даатгагчдад ч ашиггүй зүйл юм.
4. Даатгалын компанийг сонгохдоо юуг анхаарах вэ?
Өмнө дурдсан үзүүлэлтүүд дээр нэмэгдээд сүүлийн үед нэгэн шинэ үзүүлэлт гарч ирж буй нь “үйлчилгээний чанар” болоод байна. Эдийн засаг хүндхэн байгаа өнөөгийн нөхцөлд даатгуулагчид нэмэгдэхгүй тул байгаа харилцагчдаа хадгалж, тэднийг итгэлийг дааж, үзүүлэх халамж, үйлчилгээгээр өрсөлдөх нь ч зүйн хэрэг юм. Жишээ нь “Бодь даатгал ХХК” компани энэ онд “Харилцагчийн халамж үйлчилгээ”-ний хэлтэстэй болж, 2017 оныг харилцагчдаа сонсох жил болгон зарлажээ. Тус компанид даатгуулсан л бол харилцагчийн мэргэжилтний халамжинд орж байгаа гэсэн үг хэмээн тус компанийн гүйцэтгэх захирал Б.Мөнххишиг өгүүлж байна. Тэгэхээр энэ мэтээр даатгалын компаниудыг ямар бодлого барьж, ямар өгөөжтэй үйлчилгээ санал болгож байгаад харьцуулан судалж байж сонголтоо хийх нь зөв юм.
Юутай ч эдийн засгийн нөхцөл байдал даатгалын компаниудад бизнес хөгжлийн албыг байгуулж, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ гаргах, шинэ зах зээлүүдийг нээх сэдлийг төрүүлж байгаа нь тэмдэглүүштэй хэрэг юм.