Ерөнхийлөгчийн хайлуулах зуух ба алтны талаарх бодлого

2017 оны 8 сарын 24

Монголд хөрөнгө оруулсан болон оруулахаар төлөвлөж байгаа гадаадын хөрөнгө оруулагчид Монголын төр засгийн бодлого шийдвэр, явдал суудал, хөдөлгөөнийг анхааралтай ажиглаж байна.

Эрх баригч нам дотор өрнөж буй үйл явдал болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үг, үйлдэл шийдвэрлэх нөлөөтэй үзүүлсээр л. Багахан ашиг харагдсан газарт хөрөнгө оруулалтыг уралдан оруулдаг хятадууд хүртэл "ТАНАЙХАН НАЙДВАРГҮЙ" хэмээн орд худалдан авахын оронд бэлэн бүтээгдэхүүн тээвэрлэхийг урьтал болгодог цаг иржээ.

Алт нь улсын монополь өмч байдаг хуулийг санаачилна. Гэхдээ өнөөг хүртэл явсан алтны лицензийг бид хөндөж чадахгүй.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд саяхан алтыг улс монопольдож авах хуулийн төсөл өргөн барина гэдгийг хэллээ. Тэрээр үүнийгээ "Алт нь улсын монополь өмч байдаг хуулийг санаачилна. Гэхдээ өнөөг хүртэл явсан алтны лицензийг бид хөндөж чадахгүй. Үүнээс цааш олдох алтыг улсын монополь болгоно. Хоёр хөрш маань алтыг улсын монопольдоо одоо хүртэл авч явж байгаа. УИХ нээлтээ хийхээр хуулийн төслийг өргөн барина" гэж хэллээ.

Монгол орон 2011 оны байдлаар нийт 1491,6 тонн алтны нөөцтэй болох нь тогтоогджээ. Үүнээс үндсэн орд нь 1285,6, шороон орд 206 тонн алттай юм. Алтаар улсын төсвийн дийлэнх хувийг бүрдүүлдэг манай улсын хувьд төрд авна гэдэг бодлого баримтлахыг иргэд нэг их эсэргүүцэхгүй байх. Одоо олгогдсон лицензүүдийг хөндөхгүй, хууль батлагдан гарснаас хойш шинээр илэрсэн илэрцүүдийг төр өөрийн мэдэлдээ авна гэдгийг олон таван үггүй хэлчихлээ.

Гэхдээ энэхүү мэдэгдлийн дараанаас алтны шороон болон үндсэн ордын хайгуул хийж байгаа гадаад, дотоодын компаниудын дунд асар их болгоомжлол үүсчихлээ. Хэрэв "юм" олох юм бол улс монопольдоод авчих учраас элс рүү хамаг хөрөнгөө цутгаад хэрэггүй юм биш үү гэж ярьцгааж байна. Сүүлийн 30 орчим жил улсын төсвийн хөрөнгөөр ямарваа нэгэн хайгуул хийгдээгүй, шинээр орд нээгээгүй. Цаашид улс өөрийн зардлаар хайгуул хийж байж алтны орд нээнэ үү гэхээс хувийн компаниудын олсныг үргэлж дээрэмдэх бодлого барихгүй нь тодорхой юм.

Тэгэхээр энэхүү хуулийн төслөө боловсруулахдаа нөхөн төлбөрийн талаар бодолцох үүрэгтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын энэхүү мэдэгдлийн өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгч алтны талаарх өөрийн байр суурь, бодлогоо тодорхойлсон. Энэ хоёрыг нэгтгэхэд энэ чиглэлийн бодлого тодорхой болж байгаа юм.

Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний олон нийтийн телевизэд өгсөн ярилцлагадаа “Монголчууд ажил хийж сурмаар байна, томоохон бүтээн байгуулалтаа өөрсдөө хиймээр байна, үүн рүү хамаг анхаарлаа хандуулна” гэж ярьсан. Энэ бол мэдээж маш зөв бодлого. Монголчууд ажил хийж сурах хэрэгтэй байгаа. Гэхдээ дугуйг шинээр зохион бүтээх хэрэггүй гэдэг хэлц үг бий. Энэ нь нэгэнт өмнө нь хийгдсэн "төгс" зүйлийг шинээр зохиох хэрэггүй гэсэн үг. Бид бусдыг дагаж байж дэлхийн технологи, арга барил, ур чадварт суралцана. Дагалдаж, дадлагажиж байж дэлхийтэй хөл нийлүүлнэ. Нэг ийм учир бий.

Ерөнхийлөгч цааш нь “Алт гэдэг бол асар их технологи, хөрөнгө оруулалт зараад байх юмгүй. Миний бодлоор Монгол Улс өөрөө алт олборлох ёстой. Яагаад Монгол улс алтаа өөрсдөө олборлоод Монгол банкиндаа тушааж болдоггүй юм бэ. Алтан дээр хөрөнгө оруулалт хэрэггүй. Хайлуулах зуух л хэрэгтэй. Алтаа олборлож байгаа юм бол хайлуулах зуух лизингээр ороод ирнэ” гэж ярьсан нь тун гоомой яриа болжээ.

Энэ бол шороон орд 206 тонн алтны тухай ярьсан яриа төдий юм. Гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ч энэхүү үгэнд ихэд эмзэглэсэн байна лээ. Ерөнхийлөгч маань шороон болон үндсэн ордыг хооронд нь хольж хутгаад  ярьчихсан учраас тэр л дээ.

Уншигч танд хичээл зааж байна гэж бүү бодоорой. Ялгааг нь мэдэхгүйгээр хэн ч мэдэхгүй зүйлийнхээ талаар ярьж болохгүй шүү дээ. Шороон ордын алт бол хөрсөн дээр ил байдаг тул түүнийг олборлоход усан буу болон ёстой хайлуулдаг зуух лизингээр авахад л болох байх. Шороон орд гэхээр түмпэн барьсан нинжа нар хамгийн түрүүнд төсөөлөгддөг. Гэвч тэд бол маш хортой үйл ажиллагаа явуулдаг гэдгийг бүгдээрээ мэднэ.

Нинжа нар шороон орд болон орхигдсон ордын газар орныг сарны гадарга шиг болгож байгаа. Тэд голын гольдирол өөрчилдөг, мөнгөн ус хэрэглэдэг, байгаль орчин бохирдуулдаг, алтны үйлдвэрлэлийн талаар олны зүгээс таагүй хандлагыг тэд л үүсгэдэг. ХАМО буюу олны нэрлэдгээр нинжа нарын энэхүү ажилд ёстой хөрөнгө оруулалт шаардлагагүй. Хүрз, усан буу, зуух, пенцилиний шил байхад болох байх. Үүнийг монголчууд бид өөрсдөө хийж чадна, чадсаар ч байгаа.

Харин үндсэн орд бол газрын гүнд олон метрийн дор, заримдаа хэдэн км-ийн гүнд байдаг ялгаатай. Монгол орны алтны нөөцийн дийлэнх нь /1491,6 тонны 1285,6 нь/ үндсэн ордод хамаардаг. Үүнийг олборлохын тулд олон сая ам.долларын хөрөнгө оруулалт босгоно. Эрдэнэтэд байдаг шиг бутлах, ялгах үйлдвэр байгуулна. Хайгуулын зардалд хэдэн арван сая ам.доллар зарах нь юу ч биш. Үндсэн ордыг барьж байгуулж байсан туршлага бидэнд байхгүй. Иймд гадны хүний гарыг харахаас өөр аргагүй. “Монголын алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны судалгаагаар монголчууд өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд ганцхан үндсэн ордын үйлдвэр барьсан нь нөгөө муу хэлэгддэг "Бороо гоулд"-ын үйлдвэр.

Энд алтны үйлдвэрлэл гэж ярьж байгааг анзаарч байгаа байх. Үйлдвэр байгуулж олборлодог учир үйлдвэрлэл гэж ярьдаг. Үндсэн ордын үйлдвэрлэлийг шороон ордын хайлуулдаг зуухтай хольж хутгавал том алдаа үүснэ. Нинжа нар хайлуулдаг зуух лизингээр авдаг бол үндсэн орд дээр дэлхийн томоохон технологи, үйлдвэрлэл орж ирдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч энэхүү алдаатай үгийнхээ төлөө хэзээ нэгэн цагт ямар нэгэн тайлбар хийх биз ээ.

Эцэст нь хэлэхэд, улс төрчид болон төрийн дээд албан тушаалтнуудын аливаа бодлого шийдвэр, үг үйлдэл хэдий чинээ халиа цалгиатай, өчигдөр гаргасан хуулиа өнөөдөр өөрчлөх байдлаар асуудалд хандвал биднийг Азийн Венесуэл болох хувь тавилан хүлээж байна. Дан ганц монголчууд бүх зүйлээ хийнэ гэж зүтгэх нь ч учир дутагдалтай. Бидэнд одоогоор алтны үйлдвэр бие даан барьсан туршлага алга. Хайлуулах зуухаа ч өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй байгаа ард түмэн шүү дээ. Магадгүй бие даан нэгийг, хоёрыг бүтээж гэмээнэ туршлага сууж, түүний дараа өөрсдөө хийдэг бүтээдэг болох цаг ирэх буй за.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
46296
0 эможи
keyboard_arrow_up