Орлогын албан татварын үзүүлэлт хоёр дахин нэмэгджээ
Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэж Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах шийдвэрийг УИХ-аас гаргасан. Энэ хөтөлбөрт хамрагдахын тулд хэд, хэдэн төрлийн татварыг нэмэгдүүлсэн.
Үүний нэг нь хадгаламжийн хүүгийн орлогод арван хувийн татвар ногдуулдаг болсон. Хууль 2017 оны тавдугаар сарын 1-нээс эхлэн хэрэгжсэн. Уг шийдвэртэй холбоотой татварын орлого өсчээ. Татварын ерөнхий газраас өгсөн мэдээллээр хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхэлсэнтэй холбоотойгоор хувь хүнээс суутгаж авдаг орлогын албан татварын үзүүлэлт нь 2 дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны зургадугаар сард хувь хүнээс суутгаж авсан орлогын албан татвараар 3,2 тэрбум төгрөг төвлөрч байсан бол энэ оны зургадугаар сард 7,1 тэрбум төгрөг болжээ. Энэ нь хадгаламжийн хүүгийн орлогод ногдуулсан татвар дунджаар 3 тэрбум төгрөг төвлөрүүлж байгаа гэж ойлгож болох аж.
Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах шийдвэрийг УИХ-аас гаргахад ихэнх эдийн засагчид дэмжиж байлаа. Тухайлбал, хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авсан ч иргэд хадгаламжаа татахгүй гэж эдийн засагч Б.Мөнхзаяа тайлбарлаж байв. Арилжааны банкууд хадгаламжийн хүүг өндөр тогтоодог дээр нь мөнгө хадгалах найдвартай хэрэгсэл гэж олон нийт дүгнэжээ.
Цаашид хадгаламжийн хүү буурна гэж эдийн засагчид харж байгаа. Учир нь Төвбанк бодлогын хүүгээ 2 хувиар бууруулж, 12 хувьд хүргэсэн. Ингэснээр зээлийн хүү буурч түүнийг дагаад хадгаламжийн хүү буурна гэсэн хүлээлт зах зээлд бий.
Сануулахад өмнөх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 100 сая ба түүнээс дээш хадгаламжийн хүүгийн орлогод татвар суутгаж байсан бол энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлээд босгогүйгээр бүх төрлийн хадгаламжийн хүүгийн орлогод арван хувийн татвар ногдуулдаг болсон юм.