Дэлхийн банк Монгол Улсад 12 сая ам.долларын санхүүжилт олгоно
Дэлхийн банк Монгол Улсын Төсвийн бодлогын болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 12 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо. "Төсвийн бодлогын болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах" төсөл нь төсвийн зарцуулалтын менежментийн чанарыг сайжруулах үндсэн зорилготой ажээ. Үүн дотроо төсвийн сахилга батыг сайжруулах, нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах ажлууд хийгдэнэ. Монгол Улс хүний нөөц болон ашигт малтмалаар баялаг ч гаднын хүчин зүйлийн шоконд өртөмтгий байгаа нь эрсдэл учруулж байгааг Дэлхийн банк онцолж байна. Үүнд таваарын зах зээлийн ханшийн уналт тэргүүтэй асуудал багтаж байгаа аж. Тиймээс "Тогтвортой байдлыг хангах шинэчлэлийг гүнзгийрүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ" гэж Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Жеймс Андерсон мэдэгдлээ. Мөн Монголд хэрэгжүүлэх төслөөр дамжуулан Тэтгэврийн шинэчлэлийн хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхээ тус банк онцолж байна.
bloomberegtv.mn