I улиралд өрхийн сарын дундаж мөнгөн орлого 893.3 мянган төгрөг болж өсөв
Үндэсний статистикийн хороо дөрөвдүгээр сарын макро эдийн засгийн урьдчилсан үзүүлэлтүүдийг танилцууллаа. Дөрөвдүгээр сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 1.3 хувь, 2016 оны мөн үеийнхээс 3.4 хувиар өссөн байна. Үүнд тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 7.7 хувиар, тэр дундаа тээврийн хэрэгслийн худалдан авалтын дэд бүлгийн үнэ 16.5 хувиар өссөн нь нэлээн жин даржээ. Зөвхөн I улиралд автомашины томоохон дистрибьютер есөн компанийн борлуулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 хувиар өссөн байна. Энэ нь эдийн засгийн идэвхжил сэргэсэнтэй холбоотой гэж Монголын автомашины дистрибьютерийн ассоциаци тайлбарласан юм. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2016 оны эцэстэй харьцуулахад 4.8 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа усны бүлгийн үнэ 13.4 хувиар өссөн нь нөлөөлжээ. Энэ дундаа мах, махан бүтээгдэхүүний дэд бүлгийн үнэ 29.9 хувиар өссөн байна. Малчдын хувьд хавар малын гаралтай ноолуур гэх мэт бусад түүхий эдээ борлуулж, тогтмол орлоготой болохын хэрээр малын махыг нийлүүлэх сонирхол нь буурдаг гэсэн албан судалгаа байдаг. Энэ мэт шалтгааны улмаас хавар махны нийлүүлэлт багасаж, улмаар үнэ нь өсөх шалтгаан болж байгаа юм.
I улирлын дүнгээр өрхийн сарын дундаж мөнгөн орлого 893.3 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 43.9 мянган төгрөг буюу 5.2 хувиар өсжээ. Үүнд цалин хөлсний орлого 5.8 хувиар, тэтгэвэр тэтгэмжийн орлого 14.8 хувиар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 9.2 хувиар өссөн нь гол нөлөөтэй байв. Өрхийн орлого нэмэгдэхийн хэрээр иргэдийн хэрэглээ, зарлага нэмэгдэх, улмаар эдийн засгийн идэвхжил сэргэж байгааг илтгэх үзүүлэлт болдог. Гадаад худалдааны үзүүлэлтийн хувьд, ашигт малтмал тэр дундаа нүүрсний экспорт өссөөр байна. Зөвхөн "Эрдэнэс Таван Толгой" компани л гэхэд тавдугаар сарын 1-ний байдлаар нийт 3.3 сая тонн нүүрс экспортолжээ. Дөрөвдүгээр сард гадаад худалдааны тэнцэл 781.9 сая ам.долларын ашигтай гарсан. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 36.5 хувиар өсөж 3.01 тэрбум ам.долларт хүрэв. Үүний 63 хувь нь экспорт, 37 хувь нь импорт байлаа. Экспортын хувьд жилийн өмнөхөөс 41 хувиар өссөн байна. Үүнд үнэт чулуу, металл гоёлын зүйлийн экспорт 92.4 сая ам.доллараар буурсан хэдий ч эрдэс бүтээгдэхүүний экспорт 623 сая ам.доллар болсон нь нөлөөлжээ. Тэр дундаа нүүрсний экспорт 614.1 сая ам.доллараар өссөн нь гол нөлөөтэй байв. Импортын тухайд, 29.6 хувиар өссөн бөгөөд үүнд эрдэс бүтээгдэхүүний импорт 99.9 сая ам.доллар, тэр дундаа дизелийн түлш 63.6 сая ам.доллар, автобензин 25.3 сая ам.доллараар нэмэгдсэн нь нөлөөлжээ.