Нэйл Сакер: Бид ойрын хугацаанд хөтөлбөрөө батална

2017 оны 5 сарын 02

Олон Улсын Валютын сангийн /ОУВС/-ийн Монгол дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер мэдээлэл хийлээ. Тэрбээр “Олон Улсын Валютын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх хөтөлбөр үндсэн хоёр зорилготой. Нэгдүгээрт, Эдийн засагт тулгараад байгаа хүндрэл бэрхшээлийг даван туулах, Хоёрдугаарт, урт хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангах бодлогын баазыг бий болгох зорилготой юм. Монгол Улсын урт хугацааны төлвийн тухайд маш их боломж, нөөц байгаа гэж харж байна” гэлээ.

Мөн тэрбээр “Энэ хөтөлбөрийг боловсруулахдаа бид Монгол Улсын Засгийн газар буюу Сангийн яам, Монголбанкны холбогдох хүмүүстэй нягт хамтран ажилласан. Эдийн засгийн урт хугацааны тогтвортой хөгжлийг бий болгох бодлогыг боловсруулах чиглэлээр ажилласан. Хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг бууруулах, өрийн тогтвортой байдлыг хангах,  банкны системийг идэвхжүүлэх  зорилготой. Эдгээр бүх арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд зээлийн хүүгийн түвшин ерөнхийдөө буурч, банкууд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн зээлээ дахин олгох нөхцөл бүрдэх юм.

Энэ үеэр түүнээс зарим зүйлийг асууж тодрууллаа.

-ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаж, манай улсын зүгээс тавьсан хүсэлтийг хойшлууллаа. Энэ нь Уул уурхайн компаниудын мөнгийг дотоодын банкуудаар дамжуулах тухай заалт орсонтой холбоотой. Энэ асуудлыг дахин нягтлана гэж байгаа. Асуудал хэзээ шийдэгдэх бол?

-Бид энэхүү асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэнэ. Ирэх 2-3 долоо хоногт багтаагаад хөтөлбөрийг батална.

-ОУВС-гийн зүгээс долоон төрлийн татварыг нэм гэсэн чиглэлийг өгсөн үү?

-Бидний хэрэгжүүлэх гэж байгаа хөтөлбөр маань хоёр талаасаа яригдаж байгаа гэдгийг байнга хэлж байгаа. Бодлогын хүрээнд талууд бүх асуудлууд дээр харилцан тохиролцож шийдвэрээ гаргасан.

-Уул уурхайн компаниудын мөнгийг дотоодын банкуудаар дамжуулах тухай заалт асуудал үүсгэлээ. Энэ асуудлыг ОУВС яагаад дэмжихгүй байна вэ?

-Монгол Улсын тодорхой нэг компанитай байгуулсан гэрээний талаар бид байр сууриа илэрхийлэх боломжгүй. УИХ-ын тогтоолд тусгасан заалттай холбоотойгоор Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин муудах нөхцөл бүрдэж магадгүй гэсэн болгоомжлол бий. Ер Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин гадаадын хөрөнгө оруулалттай аль болох олон компанид хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлсэн байх ёстой. Энэ нь эргээд Монгол Улсын хөгжил, эдийн засгийн өсөлтөд эерэгээр нөлөөлнө. Монгол Улсын гадаадын хөрөнгө оруулалтыг татах чадвартай сайн орчинтой болно гэдэгт итгэлтэй байна.

-УИХ-ын тогтоол дахь хөрөнгө оруулалттай холбоотой заалтыг өөрчлөх эсвэл хүчингүй болгох хэрэгтэй гэж үзэж байна. Энэ асуудал дээр ОУВС ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын тогтоолд хөрөнгө оруулалттай холбоотой заалт тусгагдсантай холбоотойгоор ОУВС-гийн ажлын хэсэг макро эдийн засгийн түвшинд ямар үр дагавар гарах вэ гэсэн тооцоо судалгааг хийж байгаа. Тийм учраас одоогоор ямар нэгэн хариу өгөх боломжгүй.

-ОУВС-гийн захирлуудын зөвлөл хэзээ хуралдах вэ?

-Одоогоор албан ёсны шийдвэр гараагүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
43136
0 эможи
keyboard_arrow_up