2017 оны эхний улиралд 76.6 мянган жуулчин Монгол Улсад иржээ
2017 оны эхний улирлын байдлаар Монгол Улс 629.3 мянган хүн хүлээн авснаас 552.8 мянга нь байнгын оршин суугч байжээ. Тиймээс нийт үзүүлэлтээс 12 хувь нь буюу 76.6 мянган хүн бусад чиглэлээр ирсэн жуулчид гэж тооцоолж болохоор байна. БОАЖЯ-наас мэдээлснээр Монгол Улс 2000 оноос хойш хамгийн ихдээ 2012 онд 475.8 мянган хүн жилийн дүнгээр хүлээн авчээ. Монголыг зорьсон жуулчдын урсгалын дийлэнхийг БНХАУ-ын иргэд бүрдүүлсэн хэвээр байна. Тайлант хугацаанд БНХАУ-ын 23.1 мянган жуулчин Монголыг зорьсон бол ОХУ, Япон болон БНСУ-ын жуулчид удаалж байна. Ялангуяа ОХУ-аас ирсэн жуулчдын тоо 2016 оны эхний улирлын үзүүлэлтээс 54.4 хувиар өссөн байна. Мөн БНХАУ-аас ирж байгаа жуулчдын тоо 25 хувиар нэмэгдсэн ч Хонгконгийн жуулчдын тоо эрс буюу 30.5 хувиар буурчээ. Харин дотоодын аялал, жуулчлалын салбарын зорилтот зах зээл гэгддэг ХБНГУ, БНСУ, Япон зэрэг улсаас Монголыг зорьсон жуулчдын тоо өмнөх оноос өссөн байна. Хил хамгаалах ерөнхий газраас өгсөн мэдээллээр жуулчлалын зорилгоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн гадаадын зорчигчдын 45.1 хувь нь Европоос ирсэн бол 46.3 хувь нь Ази, Номхон далайн бүсээс, харин 7.5 хувь нь Америк тивээс иржээ.
Дэлхийн эдийн засгийн форумаас гаргадаг аялал, жуулчлалын өрсөлдөх чадвараар Монгол Улс 2017 онд 102 дугаар байрт бичигдэж гурван байр ухарчээ. Энэ нь Камбож, Непал зэрэг орны аялал, жуулчлалын ерөнхий орчинтой ижил үнэлэгдэж байна гэсэн үг аж. Монгол Улсад үйлчилгээний чанар муугаас гадна төлөвлөлт байхгүй, бүтээгдэхүүнүүд өөр хоорондоо ялгаа багатай зэрэг нь салбарыг хойш чангааж байгаа гэж үзсэн байна.