Н.Энхсайхан: Европ технологийг дагаад хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх боломжтой
“Технологи хөрөнгө оруулалт Монголд-2017”олон улсын үзэсгэлэн, хурал өнөөдөр Шангрилад эхэллээ. Энэхүү олон улсын үзэсгэлэн хурал нь уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хотын хөгжил гэсэн салбар хуралдаанаар үргэлжилж байна.
Өнөөдрийн олон улын хуралтай холбоотойгоор “BM Mongolia partners” -ийн Гадаад худалдааны хэлтсийн захирал Н.Энхсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
Өнөөдрийн олон улсын үзэсгэлэн хурал манайд анх удаагаа зохион байгуулагдаж байна. Энэ хурлын талаар.....
“Технологи хөрөнгө оруулалт Монголд” олон улсын үзэсгэлэн худалдааг анх удаагаа зохион байгуулж байна. Энэхүү үзэсгэлэн хуралд дэлхийн 8 орны 20 гаруй компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулахаар манай улсад ирсэн. Мөн дотоодоос Худалдаа хөгжлийн банк, Эрдэнэс Монгол ХХК, Багануур ХК зэрэг томоохон байгууллагууд тухайн үйл ажиллагааг дэмжин, нээлттэй оролцож байна. Мөн НЗДТГ болон Нийслэлийн үйлдвэрлэл инновацийн газар, Улаанбаатар хөгжлийн корпораци хамтран ажиллаж байна.
Үзэсгэлэнгийн онцлог юу бол?
Уг үзэсгэлэнгийн онцлог нь уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, хөрөнгө оруулалт, ерөнхий зориулалтын нисэх, хот төлөвлөлт, хотын хөгжил, хөдөө аж ахуй, мах сүү гэсэн олон салбар чиглэлүүдийг хамруулж, хурлыг хоёр өдөр зохион байгуулж байна.
Өнөөдөр гурван салбарын хурал зохион байгуулагдсан. Маргааш хөдөө аж ахуй, хөрөнгө оруулалт, нисэх гэсэн салбаруудын хурал зохион байгуулагдана. Манай улсын хувьд нисэхийн салбар хөгжих бүрэн боломжтой, үүнийгээ дагаад бусад салбарууд дагаад хөгжих боломжтой учраас нисэхийн салбарыг тусгайлан салбар болгон оруулсан нь бас нэгэн онцлог юм.
Үзэсгэлэн хуралдаанд ямар орнуудаас төлөөлөгчид оролцож байна вэ?
Энэхүү үзэсгэлэн хуралд Австри, Швейцари, Герман, Франц, Өмнөд Африк, Австрали, Голланд гэсэн улсууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж байгаа. Ер нь Европ технологийг монголд нутагшуулах, технологийг дагаад хөрөнгө оруулалтын асуудлыг шийдэх боломжтой.
Энэ арга хэмжээг жил болгон зохион байгуулахаар төлөвлөсөн бөгөөд оролцох байгууллага, компаниудын тоог нэмж, зөвхөн бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах бус манай улсад хэрэгжиж байгаа гадаад, дотоодын төслүүдийг дэмжиж ажиллах боломжтой болж байгаа нь ихээхэн ач холбогдолтой гэж хэлж болно.