Санхүүгийн зохицуулах хороо Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоотой харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа
Санхүүгийн зохицуулах хороо, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо харилцан ойлголцлын санамж бичгийг 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр үзэглэлээ.
Санамж бичгийн зорилго нь Монгол Улсын үнэт цаасны зах зээлийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, зах зээл дээр мэргэжлийн ажил үйлчилгээ явуулах эрх олгох, үнэт цаасны зах зээлийн бодлогын болон үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх, анхан болон мэргэшүүлэх сургалт зохион байгуулах, төр хувийн хэвшлийн үр нөлөө бүхий зохистой, нягт хамтын ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд оршино.
Энэхүү санамж бичгийн хүрээнд талууд дараах чиглэлээр хамтран ажиллах юм.
1. Арилжаа эрхлэх байгууллага, брокерийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан хууль тогтоомж, журам зааварт орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар харилцан мэдээлэл өгөх;
2. Хороо, Холбооны гишүүдийн үйл ажиллагаанд учирч болзошгүй эрсдлийг тооцоолох, үнэлэх, бууруулах, эрсдлээс сэргийлэх зорилгоор шаардлагатай зөвлөмж өгөх;
3. Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын хувьчлалыг хөрөнгийн биржээр нээлттэй, ил тод зохион байгуулах ажлыг төрийн эрх бүхий холбогдох байгууллагатай хамтран хэрэгжүүлэхэд санаачлага гарган, бодлогын дэмжлэг өгч ажиллах;
4. Засгийн газрын болон орон нутгийн өрийн хэрэгсэл /бонд/-ийн анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжааг хөрөнгийн биржээр арилжаалах, түүнд Холбооны гишүүд зуучлах нөхцлийг бүрдүүлэх чиглэлээр холбогдох байгууллагатай нягт хамтран ажиллах;
5. Үнэт цаасны зах зээлийн цаашдын хөгжил, тогтвортой өсөлтийг хангахад чиглэсэн хөгжлийн бодлого, стратегийн баримт бичиг, Хорооноос боловсруулах зохицуулалтын журам, зааврын төслийг боловсруулахад Холбоотой санал солилцох замаар хамтран ажиллах;
6. Шаардлагатай тохиолдолд төрийн зарим чиг үүргийг Холбоогоор гүйцэтгүүлэх;
7. Хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөл болон холбогдох бусад чиглэлээр хамтран ажиллах.
8. Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, Холбооны гишүүнчлэлийн хамрах хүрээг нэмэгдүүлэх, санхүүгийн болон үйл ажиллагааны чадавхи, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх;
9. Зах зээлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх орон тооны мэргэжлийн судалгааны баг бүрдүүлэх, судалгаа шинжилгээг тодорхой төлөвлөгөөний дагуу тогтмол зохион байгуулах;
10. Гишүүн брокер, дилерүүдийн газар дээрх үзлэг, эрсдэлийн үнэлгээг тогтмол хийж зэрэглэл тогтоох;
11. Брокер, дилер болон иргэдэд зориулсан санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр хамтран ажиллах;
Энэхүү санамж бичиг байгуулагдсанаар манай улсын үнэт цаасны зах зээл дээр туйлын шаардлагатай байгаа зах зээл өөрөө өөрийгөө зохицуулах бүтэц, стандарт бий болох, улам үр нөлөө бүхий хяналт зохицуулалтын орчин үүсэхэд томоохон дэмжлэг болох юм байна.