Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?

2014 оны 6 сарын 09

Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн тухай хүргэж байна. /2014.06.03-2014.06.09/

 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: Өр тавихыг хэзээ ч зөвшөөрөхгүй

Юунаас болж эдийн засаг хүндэрсэн тухай бид хангалттай ярилаа шүү дээ. Тийм учраас энэ тухай эхнээс нь ярина гэхээс залхуутай, яршигтай байна. Энэ их өрийг хэн төлөх юм. Бидний хойч үе шүү дээ. Хуучин ч яахав, оросууд л нүүр тахалж, их өрийн асуудлыг мухарласан. Одоо тэрэн шиг юм байхгүй шүү. Өр тавьсан бол хүүтэй, юутай хээтэй нь төлнө. Өнөөдөр Монгол улс гаднаас л мөнгө авъя гэдэг ганцхан бодлого барьж байна. Валют олж ирэх бодол алга. Валютын ханшийг Засгийн газар, Монголбанк хоёр дундаа шидсээр байгаад ийм болгочихлоо.  Валютын урсгал гадагшаагаа их, дотоодод орж ирж байгаа нь бага байна. /Өнөөдөр 2014.06.04/

 

УИХ-ын гишүүн, АБГББХ-ны дарга Ц.Оюунбаатар: Эдийн засгийн хэмнэлтээр иргэдийнхээ цалин, тэтгэврийг нэмье

Эдийн засгийн хүндрэл монгол хүн бүрт, өрх болгонд мэдрэгдэж байгаа. Тухайн хүн төрийн алба  хашдаг байна уу, бизнесмэн байна уу, сэтгүүлч, эмч, багш байхаас үл хамаарч энэ зовлонг үүрч байна.

Бараа, бүтээгдэхүүний үнэ 40 шахам хувиар өсч, иргэдийн худалдан авах чадвар буурсан. Эдийн засгийн хэмнэлтийг өөр бусармаг зүйлд зарцуулчих вий гэж бодож байна. Аль нэг газрыг санхүүжүүлэх байна гээд нэг шинэ юм гаргаж ирээд алга болгочихож болохгүй. Монголд л ганцхан инфляц 30 хувь давж, ам.долларын ханш хэмжээ хязгааргүй дээшээ явчихаад байна. /Зууны мэдээ 2014.06.06/

УИХ-ын гишүүн Р.Гончигдорж:  Энэ засгийн өвчтэй шүд нь Н.Батбаяр биш

Н.Батбаяр сайдыг огцруулах цөөнхийн  саналыг би цагаа олоогүй гэж бодож байгаа шүү. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног гээд зарлаад явж байна. Би энэ цаг хугацааг саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг шиг харж байгаа. Түүнээс шууд л 100 хоногт эдийн засаг эрчимжээд босоод ирнэ гэдэг ойлголтоор ойлгохгүй байгаа. Зэх зээлд зээлээр амьдардаг. Зээлээр өөртөө хариуцлага бий болгож, зээл дээр тулгуурлаж ахуй амьдралаа, ажил бизнесээ авч явдаг юм гэсэн тэр горим руу иргэд хэдийнээ орчихсон. Ер нь бидэнд том итгэл байх ёстой. /Үндэсний шуудан 2014.06.06/

УИХ-ын гишүүн, БОХХААБХ-ны дарга Г.Баярсайхан: Эдийн засгийг эрчимжүүлэх хөтөлбөрийг хоёр жилийн өмнөөс хэрэгжүүлэх байсан юм

Эдийн засаг хүндрэлтэй байгаа нь гадаад дотоодын хүчин зүйлтэй холбоотой. Шууд Н.Батбаяр сайддаа ч биш. Ийм эгзэгтэй үед Элсний 13 мэтийн шинэ бүтэц бий болж төрийг үймүүлж болохгүй. Албан бус бүлэг үүсээд, эрүүл улс төр хийвэл болно. Бид ямар эдийн засаг хүлээж авлаа даа. МАН-ын хувьд сонгуульд ялах ганц аргатай. /Өдрийн сонин 2014.06.05/

 

 

 

МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар: Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ажлын байраа цөөлдөг улс  дэлхийд алга

Оюутолгойн нөхцөл байдал бол тодорхой. 300 орчим хүн ажлаас халсан нь цэвэр хууль бус гэж үзэж байгаа. Хүндэрсэн ч хүндрээгүй ч  ажлын байр цөөлөх арга хэмжээ бол зөв зам биш. Төсвийн тодотголын нөхцөл байдлыг харж байхад, бизнес эрхлэгч нарын санаа бодлыг сонсч байхад улс эх орны эдийн засгийн байдал хүнд байна. Ийм үед ажлын байртай, хэдэн төгрөгийн цалин аваад амиа аргацаагаад явж байгаа хүмүүсээ ажилгүй болгочихвол өнөөгийн байдал бүр ч хүндэрнэ гэсэн үг.

100 гэхгүй 20 хоногт ч аль нэг салбарынхаа үйл ажиллагааг сэргээж болно. Гэтэл сөрөг хүчин шахалт үзүүлсэн, нөгөөдүүл нь юм хийх гээд байгаа дүр үзүүлээд яваад байх шиг. Энэ бол улс төрийн хүчний тоглолтын талбар биш. /Ардчилал 2014.06.05/

Сэтгүүлч :

-Н.Батбаяр сайд өвчлөв

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнгөрсөн лхагва гарагийн хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэх ёстой байсан ч ирц хүрээгүй улмаас хойшлогдсон юм. Тиймээс дахин байнгын хороог хуралдуулах товыг зарласан байсан ч дахин хойшлов. Учир нь Н.Батбаяр сайд эрүүл мэндийн шалтгаанаар УИХ-ын даргаас чөлөө авчээ. Үүнд УИХ-ын зарим гишүүн “Өөрийг нь огцруулах эсэх талаар ярих болоход чөлөө авч байгаа нь ямар учиртай юм бэ” хэсээн бухимдаж байсан юм. Уг нь тогтоолын төслийг өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор уг асуудлыг харъяа байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх учиртай. Байнгын хорооны дүгнэлт гарснаас хойш долоо хоногийн дотор УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, асуудлыг эцэслэн шийдвэрлэх юм. Тиймээс Н.Батбаяр сайдыг огцруулах эсэхийг шийдвэрлэх асуудал ирэх долоо хоногоос наашгүй болж байна.  / Монголын үнэн 2014.06.06 /

Сэтгүүлч:

-Арилжааны банкууд Н.Алтанхуягаас илүүтэй эдийн засгийн илэрхийлэл болж байна

Эдийн засгийн төлөв байдлыг Н.Алтанхуягаас илүүтэй арилжааны банкуудын үйл ажиллагаа илэрхийлж байна. Ерөнхий сайд бол ялимгүй бэрхшээл байгаа, гэхдээ ноцтой биш гэдгийг л түрүүлж дуулгадаг. Бас болж бүтэж байгааг нь зорилготойгоор зориуд харлуулж цуу яриа дэгдээгээд байна гэж учирлах уурлахын тэг дундуур хэдэнтээ сануулж байсан нь бий. Тийм байж болно. Тэгээд ч Эдийн засгийн хөгжлийн сайдын хэлдэгчлэн “эвэр хошуулаад” байх нь монгол бэлгэдэл талаасаа хүсээд байх зүйл биш. Гэвч газар тэнгэр хоёр гэдэг адилтгахын аргагүй аж. Талхаа таллаж авч байгаа нь цуу яриа биш, бор хоногийн амьдралын үнэн агшин. Ерөнхий сайдын чихэнд эрхбиш өртсөн байлгүй дээ. “Монголд Н.Алтанхуягаас өөр мөнгөтэй хүн байхгүй” гэсэн егөө үг ч ергөж явна билээ. Хоёр хоногийн өмнө телевизээр Ерөнхий сайд шууд ярилцлага хийв. Энэ үеэр орон сууцны найман хувийн хүүтэй зээл хэвийн үргэлжилж байгааг дуулгасан. Ерөнхий сайдын үг замхарч амжаагүй байхад өөр нэг сувгаар арилжааны банкууд мөнөөх найман хувийн хүүтэй зээлийг олгохггүй байна гэж мэдээллээ. Зээл олгохыг бүр дээрээс зогсоогоод байна гэнэ. Ийм нэг эсрэг тэсрэг мэдээлэл яваад байхад эргэлзэхгүй гээд яах билээ. Арилжааны банкууд зээл олгохгүй байгаа, хөрөнгө санхүү ихээхэн дундарсан гэх яриа хэдийнээс л чих дэлссэн болохоор үүнийг бас цуурхал гэж бодохгүй байна. Учир нь арилжааны банкууд дахь найдваргүй зээлийн хэмжээ ихэссэн, зээлдэгчид ялангуяа ам.долларын зээл авсан аж ахуй эрхлэгчдийн эргэн төлөлт тааруу байгаа гэсэн сигнал оны эхнээс хангинаж эхэлсэн. / Өдрийн шуудан 2014.06.06/

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4152
0 эможи
keyboard_arrow_up