ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдаагүй байна
Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөл энэ сарын 6-нд хуралдаж, Монгол Улсыг "Extended Fund Facility" хөтөлбөрт хамруулах асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдэх байсан ч хараахан хуралдаагүй байгаа аж.
Монгол Улсын Засгийн газар Олон улсын валютын сантай өнгөрсөн хугацаанд хэлэлцээ хийснээр 440 сая ам.доллар татах, мөн 3 тэрбум ам.долларын зээл авах эрх үүссэн. Гэхдээ үүнийг Олон улсын валютын сангийн захирлуудын зөвлөлийн хуралдаанаар эцэслэн шийдэх учиртай юм.
Олон улсын валютын сангийн хөтөлбөр хэрэгжүүлэхтэй холбоотойгоор Монгол Улсын 2017 оны төсвийн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай болсон.
Засгийн газар сар шинийн өмнө төсвийн тодотголыг хэлэлцээд, УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэр гаргасан ч одоог болтол бариагүй байгаа.
Мөн УИХ-ын ээлжит бус чуулганыг хэзээ хуралдуулах вэ гэдэг одоо ч тодорхойгүй хэвээр байна.
УИХ-ын зүгээс “Засгийн газар 2017 оны төсвийн тодотголыг өргөн барьсны дараа УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ээлжит бус чуулганы товыг зарлана” гэх чимээ дуулдаж буй бол Засгийн газрын зүгээс “УИХ-ын ээлжит бус чуулганыг товлон зарлах асуудал нь гишүүдийн ирцтэй холбогдож байгаа гэж ойлгосон. Ихэнх гишүүн Улаанбаатар хотод байхгүй байгаа” гэх тайлбар хийж буй юм.