“Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулалтын хурал болно
Айлаас эрэхээр авдраа уудлах аргыг ч бас “ашиглах”-аар шийдсэн нь “Алт II” хөтөлбөр. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ.
Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3 тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж, геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.
Мөн Монголын Уул Уурхайн Бирж “Mongolia Gold 2017” алтны салбарын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг 3-р сарын 17-нд зохион байгуулна. Тус хурал нь Алтны салбарын хөрөнгө оруулалт, санхүүжилтыг шийдэхэд гарц хайх, алтны ашиглалт, хайгуулын төсөлд хамтын ажиллагааг бий болгох, алтны төслүүдийг хөрөнгө оруулагчдад танилцуулах, дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, бизнесийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын туршлага солилцох, алтны хайгуул, судалгааг хөгжлийн шинэ шатанд хүргэх зэрэг олон асуудлуудыг хэлэлцэх юм байна. Эцэст нь айлаас мөнгө гуйж гутамшиг болж явахаас илүү авдраа уудлаад хямралаас гаргах боломж бидэнд бий. Тэр нь мэдээж, алтаа олборлох бас ашиглах. Алттай улс хэзээ ч дампуурахгүй.
Mongolia Gold 2017 хурлын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг http://www.mongolia-gold.com/ аваарай.