ОУВС-гийнхан халамжийг зорилтот бүлэгт шилжүүлэх нь зүйтэй гэжээ
ОУВС-гийн төлөөлөгчдийн эхний ээлж Монголд ирээд буй. Тэд Монгол Улсыг “Стэнд бай” хөтөлбөрт хамруулах хэлэлцээрийг хийж байгаа юм. Харин гол төлөөлөгчид энэ долоо хоногт ирнэ гэсэн мэдээлэл байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус сангийнхан Монгол Улсад 10 орчим хатуу шаардлага тавьж буй бололтой. Тухайлбал, татвар нэмэх, НӨАТ-ын 10 хувийг 15 болгож өсгөх, “хүүхдийн мөнгө”-ийг нийт хүүхдийн 40 хувьд олгох, төрийн албаны орон тоог цөөлөх зэрэг асуудал багтаж буй аж. Хэрэв манай улс дээрх шаардлагыг хүлээж авбал “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах бөгөөд хэдий хэмжээний зээл авах нь энэ сарын 15 гэхэд тодорхой болох аж. Уг хэлэлцээр ирэх долоо хоног гэхэд шийдэгдэх талаар Сангийн сайд Б.Чойжилсүрэн мэдэгдсэн. Тэрбээр “Хоёр тал эцэслэн тохирсон зүйлээ олон нийтэд мэдээлнэ. Мэдээж авах ч юм байна, харилцан тохиролцох зүйл ч бий. Янз янзын хувилбар байна. ОУВС-гийн зүгээс нийгмийн халамжийг зорилтот бүлэгт шилжүүлэх нь зүйтэй, хавтгайруулах хэрэггүй гэдэг нэгдсэн ойлголцолд хүрээд байгаа. Тохиролцооноос хамаарч төсвийн тодотгол хийхийг үгүйсгэхгүй” гэсэн юм.