СТАТИСТИК: Улсын хэмжээнд 11 сард 71843 эх амаржиж, 72200 хүүхэд төрүүлсэн байна
Үндэсний Статистикийн Хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний арван нэгэн сарын байдлаар хийсэн судалгааг өнөөдөр танилцууллаа.
Бүртгэлтэй ажилгүй иргэн
Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад бүртгэлтэй ажил хайгч иргэд 2016 оны 11 дүгээр сарын эцэст 45.3 мянга болсны 23.5 мянга нь эмэгтэйчүүд байна. Эдгээр бүртгэлтэй ажил хайгчдын 33.4 мянга нь ажилгүй иргэд байгаа нь өмнөх оны мөн үеэс 2.1 (6.8%) мянган хүнээр, өмнөх сараас 2.1 (6.5%) мянган хүнээр өссөн байна.
Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2016 оны эхний 11 сард ажилгүй 110.6 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 18.9 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 91.1 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Эдгээр үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 752 (0.7%) хүнээр өсч, ажилд зуучлагдан орсон иргэд 5.2 (21.6%) мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 347 (0.4%) хүнээр буурчээ.
Дундаж цалин
Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2016 оны 3 дугаар улиралд нийт 37.1 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 581.4 мянган ажиллагчид хамрагдсан байна. Эдгээр ажиллагчдын 29.4 мянга буюу 5.0 хувь нь 192.0 мянган төгрөг хүртэлх цалинтай, 60.3 мянга буюу 10.4 хувь нь 192.0-300.0 мянган төгрөгийн цалинтай, 112.1 мянга буюу 19.3 хувь нь 300.0- 500.0 мянган төгрөгийн цалинтай, 204.6 мянга буюу 35.1 хувь нь 500.0-900.0 мянган төгрөгийн цалинтай, 95.1 мянга буюу 16.4 хувь нь 900.0-1300.0 мянган төгрөгийн цалинтай, 22.2 мянга буюу 3.8 хувь нь 1300.0-1500.0 мянган төгрөгийн цалинтай, 57.8 мянга буюу 9.9 хувь нь 1500.0 мянган төгрөгөөс дээш цалинтай байна.
Эрүүл мэнд
Улсын хэмжээнд 2016 оны эхний 11 сард 71843 эх амаржиж, 72200 хүүхэд төрүүлсэн байна. Өмнөх оны мөн үеэс амаржсан эх 1887 (2.6%)-гоор , хүүхэд 1937 (2.6%)-гоор буурсан байна. Харин энэ оны 11 дүгээр сард 6262 эх амаржиж, 6305 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 277 (4.2%)-гоор, хүүхэд 270 (4.1 %)-ээр буурчээ.
Нялхсын эндэгдэл улсын хэмжээгээр 2016 оны эхний 11 сард 1222 болж, өмнөх оны мөн үеэс 118 (10.7%)-аар, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1508 болж, өмнөх оны мөн үеэс 186 (14.1%)-гаар өссөн байна. Нялхсын эндэгдэл нэмэгдэхэд улаанбурхан болон амьсгалын тогтолцооны өвчлөл өссөн нь голлон нөлөөлжээ.