Эдийн засгийн салбарт өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлэв?
Эдийн засгийн салбарын хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хэн, Юу хэлсэн тухай танд хүргэж байна. / 2014.05.26-2014.06.02 /
Н.Алтанхуяг: "Рио Тинто" бүх улсад ажиллах хүчээ цомтхотгож байгаа гэсэн
Шатахууны үнэ нэмэгдэхгүй байх. Улсад нь очиж гэрээ хийн, хямд үнээр тохироо хийчихээд нөгөө талдаа үнэ нэмнэ гэж болохгүй. Гэхдээ шатахууны үнэ буурна нэж туйлширч болохгүй. Би Оюутолгойн ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Ч.Отгончулууныг дуудаж уулзсан. / Өдрийн шуудан 2014.05.30 /
ЭЗХЯ сайд Н.Батбаяр: Монголын эдийн засгаар ардын намынхан тоглож байна
Огцруулах бичиг өргөн барьж байгаа хүмүүс өөрсдөө мэдэж байгаа юм байлгүй дээ. Хүмүүс тэгж бодож байгаа бол би юу хэлэхэв дээ. Уг нь Монголын эдийн засагт урд, хойд хоёр хөршийн дэмжлэг хамгийн чухал байна. Сөрөг хүчин гэдэг чинь төр засгийг байнга бужигнуулж байх ёстой биш шүү дээ. Эдийн засгаа сайн байлгая гэвэл төр засаг нь тогтвортой байх ёстой. Төр засаг тогтворгүй л байх юм бол эдийн засаг улам гундана. / Өдрийн сонин 2014.05.30 /
Монгол банкны холбооны ерөнхийлөгч М.Болд: Инфляц буурвал зээлийн хүү багасна
Хамгийн гол нь зээлийг эргүүлэн төлөх чадвартай зээлдэгчид өгөх ёстой. Тэгхэгүй бол иргэд аж ахуйн нэгжийн хадгаламжийг салхинд хийсгэнэ гэсэн үг. Монголбанк, Засгийн газар, УИХ, бизнес эрхлэгчид дор бүрдээ өөрсдийнхөө хариуцсан ажлыг хурдан шуурхай, оновчтой, алсын бодлоготой хэрэгжүүлж чадвал гадаадын хөрөнгө орж ирнэ. Хүний итгэлийг даах бодлого явуулах ёстой. / Зууны мэдээ 2014.05.29 /
УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: Засгийн газар эрх хүүхэд шиг болчихоод байгаа нь үнэн
Сайн болж харагдах, таалагдахыг хүссэн бол зүгээр зээлийг нь л өгчих хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд хувийн хэвшлийнхэн тухайн сумынхаа хүн амд тохирсон үйлчилгээний газраа байгуулаад л ажиллана. Төр оролцоно гэдэг нь дахиад л өндөр үнэтэй тендер, барилга гэдэг сэдэв үргэлжлээд явна гэсэн үг. Манай улсад сүүлийн жилүүдэд төрийн оролцоо нийгмийн бодлого руу хүчтэй орж, хувийн хэвшлийнхний оролцоог багасгаж байна. / Өглөөний сонин 2014.05.26 /
УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Эдийн засаг хүнд үед газрын хуулиар оролдож болохгүй.
Өвөлжөө, хаваржаагаа хүүхдийн төлбөрт барьцаанд тавина гэсэн үг. Хэдэн жилийн дараа хэдхэн гэр бүл Монголын нийт бэлчээрийн газар нутаг, өвөлжөө, хаваржааг эзэмшиж байх аюултай байдал үүсэх вий. Аль ч орон эдийн засаг хямарч, хүндэрч байгаа үед Ашигт малтамлын тухай хуулиараа оролддоггүй юм. Татварын тухай хуулиараа ч оролддоггүй юм. Хямарч байгаа хүнд үедээ Үндсэн хуульдаа гар дүрнэ гэдэг бол муутгахын шинж. / Зууны мэдээ 2014.05.26 /
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Эдийн засгийг сэргээж чадвал сайн л байна
Ажлаа хийж чадахгүй байгаа сайдуудад хариуцлага тооцож, хэн чадаж байгаагаар нь ажил хийлгэх ёстой гэдэг байр суурь л илэрхийлсэн. АН боловсон хүчингүй болчихсон биш. Тэгээгүй байж "Ард түмэн хэрэглээндээ анхаар гээд" байгаа нь утгагүй. Эдийн засгийг сэргээхийн тулд эхний ээлжинд хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж, өнөөдрийн түвшинд аваачсан нөхдүүдтэйгээ хариуцлага тооцох ёстой гэж намын бүлгийн дарга нь ч санал нэгдсэн. / Өнөөдөр 2014.05.30 /
УИХ-ын гишүүн, сайд асан Л.Одончимэд: Мөнгөгүй Засгийн газрыг огцруулна гэдэг хоосон хэтэвч суйлсантай адил юм болно
Шуудхан хэлэхэд, манайхан төрийн бүх эрхийг барьж байх үедээ, улс орны хөгжил, ард түмний аж амьдралын төлөө нэгэн санаагаар зүтгэхийн оронд олз хайсан бүлгүүдэд хуваагдаж хоорондоо ил, далд тэмцэлдсээр цаг алдсаныхаа горыг эдэлж, хорыг амсаж байна.
100 хоногт сүйрүүлье гэж байгаа биш, сэргээе гэж байхад урам хайрлах учиртай. Гэхдээ орж ирэх мөнгө нь харагдахгүй л байна. Зургаан сард багтааж 16 хууль батлаад, зуны амралттай залгаад 100 хоногт эдийн засаг сэргээнэ гэж бодоход хэцүү. Харин буруу болчихлоо гэж үзэж байгаа алдаануудыг засаад, дээр хэлсэнчлэн эрэмблээд хөдөлбөл олон нийтийн дэмжлэгийг авч зөв замдаа орж магадгүй. /Үндэсни шуудан 2014.05.26 /
МУИС ЭЗС-ийн багш, доктор Ч.Хашчулуун: Өрийн удирдлагын хууль өнөөдөр ус, агаар шиг хэрэгтэй байна
Хөгжлийн бодлогын дагуу бүх зүйл өрнөдөг бол асуудал биш л дээ. Монголд өнөөдрийг хүртэл хөгжлийн бодлогыг хуулиар хүлээн зөвшөөрөөгүй. Манай улсын хувьд олон улсын санхүүгийн байгууллагаас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл авах боломж нь багасч байгаа. Арилжааны зээл авах шаардлага гараад ирчихсэн л дээ. Цаашдаа арилжааны зээл нэмэгдэх нь ч тодорхой. Өрийн удирдлагын тухай хуулийн хүрээнд үүнийг зохицуулах тогтолцоог зайлшгүй үүсгэх ёстой. Гаднаас зээл авч, хөгжил руу чиглэсэн том төслүүд хэрэгжүүлэх нь зүйн хэрэг. / Өнөөдөр сонин2014.05.26 /
СЭЗДС-ийн ГХШТАХ дэд захирал Д.Батжаргал: Эдийн засгийг хямраасан эзэд нь УИХ-ынхан
Эдийн засгийн хямрал, ханш хоёр өөр ойлголт юм. Хямрал бол ДНБ-ний хэмжээ буурснаас үүсдэг. ДНБ буурахдаа өсөлттэйгөөр буурдаг. Гэхдээ өсөлтийн цаана олон учир шалтгаан бий. Үнэхээр бодит уу, эсвэл үнийнх үү гэдгээс хамаардаг. МБ-ны ерөнхийлөгч Н.Золжаргалыг ханш өсгөчихлөө гээд байгаа. Гэтэл ханш өсгөсөн гол эзэд нь гадны хөрөнгө оруулалтын ая, тухтай орчныг бүрдүүлж чадаагүй УИХ-ынхан шүү дээ. Хоёрдугаарт, экспортыг дэмжих, импортыг орлох бодлогыг дөнгөж одоо ярьж байгаа нь Засгийн газрын алдаа юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг боомилсон хариуцлага УИХ-тай холбоотой. Учир нь импортыг орлох, экспортыг дэмжих энэ бодлогыг үе үеийн засгийн газар хэрэгжүүлж байх нь яасан юм. / Улс төрийн тойм 2014.05.26 /
Мандал ассет менежмент компанийн хөрөнгө оруулалтын шинжээч Г.Мөнх-Эрдэнэ: Цалинг бүтээмжтэй уялдуулж нэмэх нь зөв
Инфляцийн эх үүсвэрийг эрэлтийн, нийлүүлэлтийн гэж хоёр ангилж байгаа. Эрэлтийн инфляц эрэлт нэмэгдсэнээс болоод үүсэж буй. Нийлүүлэлтийн талын инфляц нь давамгай байгаа нөхцөлд бид аль болох үйлдвэрлэлээ дэмжих хэрэгтэй. Тэгвэл найман хувьд инфляцыг барих боломж харагдаж байгаа. Мөн цалинг бүтээмжтэй уялдуулж нэмэхгүй юм бол инфляцын өсөлтийг цалингийн нэмэгдэл давна гэж хэзээ ч байхгүй. 20 жилийн дараа ч энэ асуудлаа яриад л байж байна. / Өнөөдөр 2014.05.29 /