Инфляци буурахад хүнсний бүлгийн үнэ голлон нөлөөлсөн
Үндэсний Статистикийн Хорооноос нийгэм, эдийн засгийн 10 дугаар сарын үзүүлэлтийг танилцууллаа.
Инфляци 9 дүгээр сараас 0.7 хувь, өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурсан байна. Ийнхүү инфляци есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 0.1 хувиар буурахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 2.3 хувь, тээврийн бүлгийн үнэ 1.7 хувь, орон сууц, ус цахилгаан түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 1.1 хувиар буурсан нь голлон нөлөөлжээ. Монголбанк энэ онд инфляцийг 7 хувьд барих зорилт дэвшүүлсэн бөгөөд сүүлийн саруудад эл үзүүлэлтээс доогуур буюу 3,4 хувьтай гарч буй юм. Нийслэлд хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 1.2 хувиар буурчээ.
Мөнгөний нийлүүлэлт 11.5 их наяд төгрөг болжээ
2016 оны эхний 10 сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт 11.5 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар өссөн бол жилийн өмнөхөөс 16.2 хувиар өссөн үзүүлэлт гарлаа. Харин гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 10 дугаар сарын эцэст 806.5 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 10.7 тэрбум төгрөгөөр , өмнөх оны мөн үеэс 66.7 тэрбум буюу 9.0 хувиар өсчээ.
Чанаргүй зээлийн хэмжээ өмнөх оноос 30.4 хувиар нэмэгдэв
Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 10 дугаар сарын эцэст 1136.1 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 16.9 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 265.0 тэрбум төгрөгөөр өссөн байна. Валютын харилцах өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 18 хувиар буурсан байна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 12.5 их наяд төгрөг болж, үүнд эзлэх хугацаа хэтэрсэн зээл 886.7 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 97.6 хувь, өмнөх оны мөн үеэс 30,4 хувиар өссөн байна.
Үнэт цаасны гүйлгээ 2 дахин өсөв
Монголын Хөрөнгийн биржээр Засгийн газрын үнэт цаасны арилжаа хийдэг болсноор гүйлгээний хэмжээ огцом өссөн. Энэ оны эхний 10 сард Хөрөнгийн бирж 266.5 тэрбум төгрөгийн үнэт цаасны гүйлгээ хийжээ. Өмнөх оны мөн үеэс 530.2 тэрбум төгрөгөөр буурч, үнэт цаас 2 дахин өссөн үзүүлэлт гарчээ. 10 дугаар сарын байдлаар 51.7 тэрбум төгрөгийн гүйлгээ хийж, 1.0 сая ширхэг үнэт цаас арилжсан нь өмнөх сараас 1.9 тэрбумаар, үнэт цаас 77.5 хувиар буурсан байна.
Монгол Улс 157 оронтой худалдаа хийжээ
Манай улс эхний 10 сард дэлхийн 157 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6994.6 сая ам.доллар болжээ. Үүнээс экспорт 3726.2 сая ам.доллар, импорт 2768.4 сая ам.доллар болсон байна. Гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оноос 595.8 сая ам.доллар буюу 8.4 хувь, үүний дотор экспортын хэмжээ 200.5 сая ам.доллар буюу 5.1 хувь, импортын хэмжээ 395.3 сая ам.доллар буюу 12.5 хувиар буурчээ. Гадаад худалдааны тэнцэл өмнөх оны эхний 10 сард 762.9 сая ам.долларын ашигтай гарч байсан бол энэ удаа 194.8 сая ам.доллараар нэмэгдэж, 957.7 сая ам.долларт хүрчээ.