Ази-Европыг холбосон 5 шугам буюу “Талын зам ” төсөл
ОХУ болон БНХАУ энэ тавдугаар сарын 24-ны өдөр Шанхай хотноо 2018 оноос эхлэн 30 жилийн туршид газ буюу байгалийн хий худалдах, худалдан авах гэрээнд гарын үсэг зурсан билээ.
Хойд хөршийн өргөн уудам нутгаас өмнөд хөрш рүү газ дамжуулахад хамгийн дөт зам нь Монгол орны тал хээр. Дэлхийн хамгийн том хоёр эдийн засгийн хоорондох худалдаа эргэлтийг манайх улс орноороо дамжуулах тухай Ерөнхийлөгч Путинтэй хийсэн яриа мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр болон ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайд Улюкаев нарын ганцаарчилсан уулзалтын гол сэдэв болсон тухай эх сурвалж мэдээлж байна.
Орос, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг холбосон автозам, төмөр зам, газрын тос болон хийн хоолой, эрчим хүчний шугамыг “5 шугам” хэмээн нэрийдэж буй. ОХУ-ын байгалийн хийн ордуудаас Оросын нутгаар дамжуулан БНХАУ-д хүргэхийн тулд 4000 км хийн хоолой барьж байгуулах шаардлагатай. Харин Монголын нутгаар дамжуулан тээвэрлэхэд ердөө 1500 км хийн хоолой байгуулж, тэр чинээгээр хөрөнгө оруулалтын зардлыг хэмнэх боломжтой гэсэн тооцоо байгаа аж. Нийтдээ 400 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий энэ томоохон гэрээнд Монгол Улс дамжуулагчаар оролцвол ашиг орлогын олон үүд хаалга нээгдэнэ. Цаашилбал, нүүрсний хамгийн их нөөцтэй манай улс хар алтнаасаа газ, эрчим хүч үйлдвэрлэн энэ шугамыг ашиглан экспортлох ч боломжтой юм. Гэрээний хоёр дахь үе шатыг Монголын нутгаар дамжуулах манай талын саналыг бүрэн дэмжиж, энэ талаар судалж үзнэ гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин албан ёсоор мэдэгдсэн аж.