ОУВС-ийн ажлын хэсэг Монголд ирнэ
АНУ-ын Вашингтон хотноо өнгөрсөн долоо хоногт болсон Олон улсын валютын сан (ОУВС), Дэлхийн банкны 2016 оны жилийн уулзалтад Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгч албаны төлөөлөгчдийн хамт оролцлоо. Энэ үеэр ОУВС, Дэлхийн банкны удирдах албан тушаалтнууд болон хөрөнгө оруулагчидтай уулзалт хийж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар санал солилцсон байна. ОУВС-ийн ажлын хэсэг энэ сарын 20-ны өдөр Монгол Улсад ирж ажиллахаар тохиролцжээ. Техникийн багийн дүгнэлтийн дараа ОУВС-гаас Монгол Улсад "Стэнд бай" хөтөлбөрийг хэрэгжүүлэх эсэх талаарх албан ёсны хариугаа өгөх юм. Манай улсын хувьд тус хөтөлбөрийн хүрээнд 1-1.5 тэрбум ам.долларын зээл авахаар яригдаж байгаа билээ.