БНХАУ махны экспортод хориг тавьжээ
БНХАУ-ын талаас манай улсын махны экспортод хориг тавьсан тухай www.beeftochina. com цахим хуудас мэдээлэв. БНХАУ-ын Хяналт шалгалт, хорио цээрийн ерөнхий газраас энэ сарын 14-нөөс эхлэн үхэр, хонины болон бусад махан бүтээгдэхүүнийг импортлохыг хоригложээ.
Шалтгааныг тодорхой тайлбарлаагүй ч махны экспортын бүсэд гарсан малын халдварт өвчинтэй холбоотой гэж үзсэн байна. Тодруулбал, Ховд аймагт малын халдварт мялзан төст өвчин энэ сарын 9-нд илэрсэн. Нийт 1400 ямаа, 430 хонь өвчний шинж тэмдэг илэрч, 27 ямаа, есөн хонь үхжээ.
Мөн тодорхой тооны малыг устгалд оруулсан гэж Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Монгол Улсаас БНХАУ руу хөлдөөсөн үхрийн мах экспортлох эрхийг зургаан компани авснаас хойш хоёр орны махны худалдааны салбарт шинэ боломжууд гарч ирж байсныг тус сайтад мэдээлжээ. Бид энэ талаар тодруулахаар Хүнс хөдөө аж ахуйн яамны холбогдох мэргэжилтэнтэй холбогдоход тодорхой мэдээлэл байхгүй гэв.