Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга уулзалт ямар үр, өгөөжтэй болж өнгөрөв

2016 оны 9 сарын 07

ОХУ, Монгол Улс, БНХАУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны чуулга, уулзалтын үеэр гурван орны бизнес эрхлэгч болон Төрийн байгууллагуудын хамтарсан 15 төсөлд гарын үсэг зурлаа. Мөн энэхүү чуулга, уулзалт "Эдийн засгийн коридорыг байгуулах" ажлын эхлэлийг  тавьж байгаа гэж БНХАУ-ын тал онцолсон юм. Өөрөөр хэлбэл БНХАУ, ОХУ-ын авто замыг холбосон хамгийн дөт зам нь Монголоор дайран өнгөрч байгаа бол үүний эхлэлийн цэгийг нь Монгол Улстай хиллэдэг БНХАУ-ын хамгийн том хилийн боомт хот буюу Эрээн гэж үзэж байна. Мөн чуулга, уулзалтын үеэр Эрээний чөлөөт худалдааны бүсийг байгууллаа. Энэ бүсэд Монголын компаниуд бүтээгдэхүүнээ гаалийн тарифын хөнгөлөлттэйгөөр худалдах боломжтой ажээ. Чуулга, уулзалтын үеэр гурван улсын бизнес эрхлэгчид нийт зургаан тэрбум 430 сая юанийн хөрөнгө оруулалт бүхий 15 төсөлд гарын үсэг зурсан бол аж үйлдвэр, хил дамнасан худалдаа, логистик, соёл, боловсрол, жуулчлал, банк санхүү зэрэг долоон чиглэлийн салбар хуралдаан болсон. Түүнчлэн гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор Монголын талаас хоёр төсөл танилцуулсан юм. Үүнд 4800 ажлын байр бий болгох “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн паркийн төсөл болон нэг сая ам.долларын өртөг бүхий малын яс, тосны үйлдвэрийн төсөл багтаж байна. Харин банк санхүүгийн салбарт Худалдаа Хөгжлийн банк, Голомт банк, БНХАУ-ын Газар тариалангийн банк болон Өвөрмонголын банктай худалдааны санхүүжилтийн гэрээ, төгрөгийн данс идэвхжүүлэх чиглэлийн санамж бичиг зэргийг байгууллаа.

Үүнээс гадна чуулга, уулзалтын үеэр болсон үзэсгэлэн худалдаанд Монголын талаас 400 гаруй харин БНХАУ-ын 150 гаруй аж ахуйн нэгжээс гадна ОХУ, Энэтхэг, БНСУ, Пакистан зэрэг олон орны төлөөлөл оролцлоо. Мөн давхардсан тоогоор 100 мянга шахам бизнес эрхлэгчид оролцсон бол эхний гурван өдөрт үзэсгэлэнгийн борлуулалт 30 сая юаньд хүрсэн байна. Мөн БНХАУ-ын талын хэрэгжүүлж байгаа "Нэг зам, нэг бүс" бодлогын хүрээнд 5.3 тэрбум ам.доллараар хэмжигдэж байгаа хоёр орны худалдааны эргэлт ойрын жилүүдэд 10 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа талаар Голомт банкнаас мэдээллээ. Ингэснээр хоёр улсын банк санхүүгийн салбарын хамтын ажиллагаа цаашид өргөжнө гэсэн үг юм. Голчлон уул уурхайн бүтээгдэхүүн экспортолдог Монгол Улсын хувьд өөр төрлийн бүтээгдэхүүн худалдах нөөц бололцоотой гэдгийг энэхүү үзэсгэлэнгээс харж болохоор байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36018
0 эможи
keyboard_arrow_up