Маргаашнаас ирээдүйд бий болох хөрөнгөө барьцаалан зээл авах боломжтой болно
Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн оны долоодугаар сарын 2-ны өдөр шинээр баталсан Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль маргаашнаас хэрэгжиж эхлэнэ.
Тус хууль хэрэгжсэнээр хөдлөх хөрөнгө буюу газраас салгаж болдог бүхий л хөрөнгийг барьцаалж зээл авах эрх зүйн боломж бүрдэх юм. Хэдийгээр Иргэний хуулийн зохицуулалтаар хөдлөх эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлж болно гэж заасан байдаг ч 2014 он хүртэл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой 37 бүртгэл хийгдсэн байдаг нь маш бага үзүүлэлт юм байна.
Зээлийг ихэвчлэн газар, барилга байгууламж, орон сууц зэрэг үл хөдлөх хөрөнгө барьцаалан олгодог тул жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид болон өөрийн гэсэн үл хөдлөх хөрөнгөгүй иргэд, байгууллагууд зээл санхүүгийн үйлчилгээнд хамрагдаж, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ олж чаддаггүй.
Тэгвэл дээрх хуулийн хүрээнд иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох, бодит байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, оюуны өмчийн бүхий л эрх болон бусад эдийн бус хөрөнгийг барьцаалах харилцаа нарийвчлан зохицуулагдах юм байна.
Мөн эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, зээл санхүүжилтийн хэмжээ, эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал хөшүүрэг болоод зогсохгүй жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн дэд бүтэц тодорхой хэмжээгээр сайжирна хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж.
Тус хууль хувиараа бизнес эрхлэгч иргэдэд хэрхэн нөлөөлөх талаар болон яг юу барьцаалж зээл авах боломжтой талаар албаны эх сурвалжаас тодруулахад, "Хөдлөх эд хөрөнгөд газраас салгаж болдог бүхий л хөрөнгө ордог. Иргэд үүнийгээ ашиглан банкнаас зээл авах боломжийг хайж байна. Компаниудын хувьд эргэлтийн хөрөнгө, түүхий эдийн нөөц төдийгүй хувьцаагаа барьцаалж зээл авах боломжийг хайж байна. Банкууд ч гэсэн зохицуулалт нь тодорхой байх юм бол хувьцаа болон эргэлтийн хөрөнгийг барьцаалаад зээл олгох боломжтой гэдэг. Энэ хуулийн гол зорилго нь жижиг дунд үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжих, санхүүгийн дэд бүтцийг сайжруулна.
Энэ төрлийн зээлийг Иргэний гүйлгээнээс хасагдаагүй бусдын өмчлөлд шилжүүлж болох бодитой байгаа, эсхүл ирээдүйд бий болох хөдлөх эд хөрөнгө, бүх төрлийн хувьцаа, үнэт цаас, шаардах эрх, шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүх төрлийн бүтээл, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, барааны тэмдэг, ашигтай загвар болон бусад хөдлөх эд хөрөнгө, эдийн бус хөрөнгийг барьцаалж олгоно" гэсэн юм.