Өрхийн мөнгөн орлого буурав
Өрхийн орлого, зарлагын зөрүү нэмэгдсээр байгааг Үндэсний Статистикийн Хороо урьдчилсан байдлаар мэдээллээ. Өрхийн дундаж орлого долдугаар сарын байдлаар 9.1 хувиар буурч, 970 мянган төгрөг болсон бол зарлагын хэмжээ нэг сая 44 мянган төгрөгтэй гарчээ. Орлого, зарлагын зөрүүг аваад үзвэл өнгөрсөн оны мөн үед 3500 төгрөг байсан бол он гарсаар 74.5 мянган төгрөгт хүрч тэлсэн байна. Улс даяар өрхийн орлогын хэмжээ агшиж байгаа дүр зураг мөн харагдаж байна. Статистикийг задлаад харвал өнгөрсөн онд нийт өрхийн 42.4 хувийг бүрдүүлж байсан 900 мянгаас дээш төгрөгийн орлоготой өрхийн хэмжээ 2016 он гарсаар огцом буурч, нийт өрхийн 36.4 хувийг бүрдүүлэх болжээ. Харин 900 мянгаас доош төгрөгийн орлоготой өрхийн хэмжээ нэмэгдсээр 548 мянга болсон байна. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн орлого болон зарлага аль аль нь өнгөрсөн оноос өссөн үзүүлэлттэй гарчээ. Орлогын хувьд бараг 200 тэрбум төгрөгөөр нэмэгдэж 962.8 тэрбум төгрөг болсон бол зарлага 70 орчим тэрбумаар өсч, 966 тэрбум төгрөг болжээ.